Олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгөө босгож амжаагүй хэр нь 1500 айлтай уулзан, 1450 –ыг нь газраа чөлөөлөхөөр зөвшөөрүүлнэ гэдэг үнэхээр том эр зориг шүү.

Ямар ч байсан Х.Нямбаатарын багт иргэдтэй ойлголцох чадвар бол байна. Хамгийн гол нь амласнаа ажил хэрэг болгож чадахгүй болбол маш олон иргэн хохирох эрсдэлтэй.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хэлснээр газраа чөлөөлөхөөр зөвшөөрсөн айлуудаас 400-тай нь ирэх долоо хоногт үнэлгээний тохиролцоо хийж, нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Ирэх зургадугаар сарын 1-н гэхэд 2350 айлыг газар чөлөөлөлтөд хамруулж, нүүлгэнэ. Нийтдээ 160 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ. Уг чөлөөлөгдсөн газар дээр 12 мянган айлын орон сууц барина. Гэвч орон сууц барихад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг олон улсын зах зээлээс босгох ажил нь түүхийгээрээ байна. ТЭЗҮ боловсруулж дуусангуут ирэх тавдугаар сард эл асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулах аж.

Одоогоор мөн 12 мянган айлын орон сууцны зураг төслийн ажил хийгдэж байна. Барилга барих компаниудыг сонгон шалгаруулалтаар тодруулах ч санхүүжилтийг нь бонд гарган шийдвэрлэх юм. Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулах ажил эхлэх тул дэд бүтцийн ажлуудтай ноцолдохгүй нь хөрөнгө, цаг хугацаа хэмнэх ч компаниудын гүйцэтгэлийн хөрөнгийг шийдэхгүйгээр 12 мянган айлын орон сууц барих боломжгүй. Иймээс бонд гаргах асуудлаа хамгийн тэргүүнд шийдэх нь чухал болж буй.

Уг нь бондыг 2024 оны хоёрдугаар сард багтаан олон улсын хөрөнгийн зах зээлд босгоно гэдэг амлалтыг Улаанбаатар хотын захирагч өнгөрсөн оны сүүлээр мэдэгдэж байсан. Гэвч хойшилсоор зуны сартай золгох болж буй.  Хэрвээ зундаа багтаж бонд гаргаж чадахгүй бол санхүүжилтийн эх үүсвэргүй төсөл “амилна” гэхэд бэрх.

Дээр нь цаг агаараасаа шалтгаалаад бүтээн байгуулалтад хийх хугацаа дэндүү богино. Хавар, зуныг ашиглаж гол ажлаа нугалж авахгүй бол сэрүү ороход бүтээн байгуулалтын гол ажлыг хийх боломжгүй болдог гэдгийг барилгын инженерүүд учирладаг. Иймээс нийслэлийнхний хамгийн тэргүүнд шийдвэрлэх асуудал бонд болж буй юм.

Олон улсын хөрөнгийн зах зээлд босгох бондод Засгийн газар баталгаа гаргахаараа давуу.  Дээр нь үе, үеийн Улаанбаатар хотын захирагч нарт бонд гаргах эрх байгаагү бол  Х.Нямбаатарын хувьд олон улсын хөрөнгийн зах зээлд бонд гаргах онцгой эрхийг УИХ-аас авсан. Нийтдээ 20 мянган айлын орон сууцыг барихад 1,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай болохыг тэрбээр мэдэгдэж байсан.

Олон улсын хөрөнгийн зах зээлд бонд гаргах гэж зүтгээд байгаа нь хүү бага тусна гэж тооцсоных юм. Засгийн газраас хамгийн сүүлд Сэнчири бондыг гаргахад хүү  нь жилийн 7,85 хувьтай байсан. Түүний араас Засгийн газрын баталгаатай ногоон бонд гаргахад хүү нь төдийлөн өндөр тогтохгүй болов уу гэж үзэж буй.  Бондын хүү бага байх нь эргэн төлөлтөд эерэг нөлөөтэй. Өр ихтэй Монгол Улсын хувьд бондын эргэн төлөлтийг зээл тавих замаар төлөлт хийж аргалж ирсэн.

Иймээс Чингис бондын хүү шиг бага хүүтэй босгож чаддаггүй юм гэхэд ядаж дотоодод босгохоос хямд хүүтэй тусахаараа давуу талтай.

Нөгөө талаас гадаад зах зээлээс бонд босгох нь төгрөгийн ханшийн эрсдэлээс сэргийлнэ ч гэж үзэж байна.

Гэвч энэ оны эхнээс дуншсан бонд одоог хүртэл олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж чадаагүй сууж буй нь гэр хорооллын ядарсан иргэдээ орох оронгүй болгох вий гэдэг болгоомжлолыг ч төрүүлж эхлээд байна.

Учир нь, өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөрийн хүрээнд газраа чөлөөлсөн олон иргэн байр ч үгүй, газар ч үгүй болж хохирсон жишээ олон бий. Сонгуулийн цикльтэй эл ажил давхацсан, улмаар Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, нийслэлд цөөнх болсноор МАН гэр хорооллыг барилгажуулах ажлыг зогсоосон нь иргэд олноор хохирох үндэслэл болсон ч гэх нь бий. Иймээс урьд гарсан алдааг давтахгүйн тулд аль болох эрсдлийг тооцох шаардлага үүсч байна.

Эх сурвалж: https://news.mn/r/2716058/ Г.ХОРОЛ

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн