-Хүүхдийг багш нь зодсон асуудлууд удаа дараа гарч байна. Энэ дээр та ямар арга хэмжээ авч байна вэ? Бүрэн гүйцэт багшийн боловсрол эзэмшээгүй хүмүүсийг орон тоо муу, нөөц дутмаг гэдэг шалтгаанаар бага анги, цэцэрлэгийн багшаар ажиллуулж байгаа дээр ямар бодолтой байна вэ?
-Цэцэрлэгийн орчинд хүүхдэд халдсан ноцтой хэрэг гарлаа. Мөн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлууд гарлаа. Гэхдээ энэ сүүлийн үед гарч ирж байгаа асуудал биш. Өмнө нь байж л байсан. Хамгийн гол нь бид нар мэддэггүй байсан. Тиймээс сүүлийн хоёр жил манай яам шүгэл үлээж, нийгэм үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэдгийг, ямар эрсдэл дагуулдаг болохыг ойлголоо. Гэхдээ үе тэнгийн дээрэлхэлт ганцхан Монголд байдаггүй. Дэлхий нийтийн үзэгдэл. Өөрсдийгөө зөвтгөж байгаа юм биш шүү.
Хоёрдугаар асуудал нь, цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийн эрхэнд халдсан хэд хэдэн удаагийн үйлдэл гарлаа. Үүнийг тогтолцооны шинэчлэл талаас нь харахгүй бол нэг удаагийн гал унтраасан арга хэмжээ авч болохгүй. Нэгдүгээрт нь, багшийн ёс зүйн асуудал. Хоёр жилийн өмнө багш хүүхэд зодож шуугиан тарьсан. Үүний дараа эцэг, эх, асран хамгаалагчийн ёс зүйн зөвлөл байгуулагдсан. Есдүгээр сарын 1-н эхлэхэд багш, сурагч, асран хамгаалагчид гурвалсан гэрээ хийдэг болсон. Гуравдугаар ажил нь, сургуулиуд дээр сэтгэлзүйчтэй болсон. Гурван сургууль тутмын хоёр нь сэтгэлзүйчтэй болсон. Энэ онд бүх сургууль сэтгэлзүйчтэй болно. Сургуулийн сэтгэлзүйч нарыг ойролцоо цэцэрлэгүүд дээр ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Дөрөвдүгээрт, камержуулалт. Улаанбаатар, аймаг орон нутгууд ч энд анхаарах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгүүд дээр камержуулалтын ажлыг сүүлийн хоёр жил түлхүү хийлээ. Төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн 80 орчим хувьд нь камер байна. Дорноговьд болсон аймшигт явдлаас хойш эцэг эхчүүдэд сурагчдын хэдэн цагт сургуулиас гарсан, очсон мэдээлэл нь очдог болсон. Одоо хүссэн үедээ эцэг эхчүүд нь камераар хяналтаа хийдэг болгох хэрэгтэй юм байна.
Боловсролын салбарыг бүхлээр нь дарангуйлагч, хүний эрхийг зөрчигч салбар болгож болохгүй.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх гэж 1200 орчим шинэ багшийг бэлдсэн. Үүний 600-700-г нь туслах багшаар бэлтгэсэн. 45 хоногийн түргэвчилсэн хөтөлбөрөөр бэлдсэн. Цаашдаа хөтөлбөрийг эргэн харан засч залруулах зүйлсийг хийх хэрэгтэй гэдгээ харлаа. Боловсрол өөрөө хамтын оролцоо учир талуудын оролцоо чухал. Нэг удаагийн үйл явдал болоод л цочирдож, мартаж болохгүй. Өмнөхөөсөө сургамж аваагүй үйл явдлууд дахин битгий тохиолдоосой.
-Багш гэхээр өрөвдсөн байдалтай ханддаг. ЭЕШ-даа сайн оноо аваагүй хүүхдүүд багш болж байгаа гэсэн хандлага байна. Тэгвэл онц сурдаг, сайн хүүхдүүдийг багш болгох зорилго хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Боловсролын зургаан шинэ сэргэлтийн бодлогоо зарлалаа. Шинэ хөтөлбөрийн хүрээнд хичээлийн тоогоо цөөлж, агуулгаа хөнгөн болгъё гэж байна. Манай хичээлийн хөтөлбөр хүүхдийг амьдралд бус шалгалтанд л бэлдэж байна. Тиймээс хөтөлбөрийн шинэчлэл хийнэ. Хоёрдугаарт, багшийн хөгжлийн асуудал байгаа. Ямар хүүхдийг, ямар хөтөлбөрөөр багш болгох вэ гэдэг дээр анхаарна. Багш гэдэг өөрөө ажлын байран дээр тасралтгүй хөгждөг, суралцдаг. Гуравдугаар, цалин, нийгмийн баталгаа. Багш нарын цалинг хоёр дахин нэмлээ. Одоо бол төрийн албан хаагчдын дундаж цалингаас өндөр байна. Сайн гүйцэтгэлтэй багш 40 хувийн урамшуулал авдаг боллоо. Мөн хөдөөгийн багш нарт нэмэгдэл өгч байна. Улаанбаатарт хүүхдийн тооноос хамаарч нэмэгдэл олгож байна. Багш нарын хичээл, практик, эрүүл мэнд, интернетийн зардлыг олгож байна. Бид нар тодорхой ахиц гаргаж байж л энэ угжирсан асуудалтай тэмцэж байна. Хуучин бол хамгийн шилдгүүд нь багш болдог байсан. Харин одоо ЭЕШ-аар тааруу оноо авсан хүүхдүүд багш болоод нийт массын олонх болж байна.
-Орос гуравдугаар сургуулийн захирал ж.соронзонг чөлөөлсөн ч шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан?
-Анхан шатны шүүх Боловсролын яамны зөв гэж гарсан. Нийслэлийн шүүхээр яамны зөв гэж гарсан. Одоо Дээд шүүх рүү хандаж байгаа юм байна лээ. Нэг хэсэг нь хуулийн дээр, нэг хэсэг нь хуулийн доор амьдарч болохгүй шүү дээ. Шударга шүүхийн шийдвэр гарна гэж бодож байна.
-Таныг Засгийн газрын гишүүний хувьд асуухад сүүлийн таван сарын хугацаанд онцгой байдлын таван алба хаагч амиа алдлаа. Энэ дээр салбарын сайдад нь хариуцлага тооцох ёстой гэж бодож байна уу? Зарим сайд нар ганцхан хийтэй үгний төлөө ажлаа өгч байсан түүхтэй.
-Засгийн газрын асуудал гэж харж байна. Өнөөдөр бид боловсрол, онцгой, батлан хамгаалахын асуудлыг ярьж байна. Төрийн алба хаагчдын нийгмийн баталгаа, цалин, ёс зүй, мэргэжлийн чадавхын асуудлыг тогтолцоогоор нь ярих ёстой. Хууль өргөн барихаар ажиллаж байна. Монголын төрийн албанд байгаа алба хаагчдаа яаж чадавхжуулах вэ гэдэг дээр анхаарч байна. Тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төрийн алба хаагчдыг өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэх бэлтгэл ажил хангагдаж байна. Хамгийн шилдгүүд нь Монголын төрд ажиллах ёстой. Ёс суртахууны хариуцлага тодорхой хэмжээнд байж болно. Гэтэл тогтолцооны гажуудлуудыг нэг удаагийн үйлдлээр, ослоор баллуурдаж үлдэнэ гэдэг дутуу харсан алхам болох болов уу.
-Хаврын чуулган удахгүй хаагдана. Энэ чуулганаар заавал хэлэлцүүлэх ямар хуулийн төслүүд байна вэ?
-Бид нар боловсролын салбарын багц хуулиа батлууллаа. УИХ анх удаагаа боловсролын тогтолцооны эрх зүйн шинэчлэлийг хийлээ. Одоо хэрэгжүүлэх л үлдлээ. Хэрэгжүүлж чадвал гэрт хамгийн ойрхон сургууль хамгийн сайн сургууль байх ёстой тогтолцоог хэрэгжүүлж чадна. Чанарын боловсролын үнэлгээгээр хуучин дүнгийн тогтолцоогоороо муу дүн авлаа. Төрөлх хэлээрээ унших чадвар муу дүн авлаа. Энэ бол гажуудал. Хөтөлбөрөө шинэчилж, багшаа хөгжүүлж, үнэлгээгээ шинэчилж үүнийг засъя гэж байгаа юм. Хөдөө, хотын ялгааг арилгадаг санхүүгийн тогтолцоо, цахим шилжилт зэргийг хийж л шинэчлэл хийж чадна. Үлдсэн хугацаанд манай яам шинжлэх ухаан, технологийн хуулиа өргөн барина.
Эх сурвалж: https://news.mn/r/2714293/