Тэтгэвэрт гарсан цагдаагийг алба хаагчийн овог нэр, зургийг ашиглан хандив цуглуулж байгаад баригджээ.
Тодруулбал, 2024 оны 2 дугаар сард гурван хүүхдийн хамт амьдардаг Амарбаясгалан гэх залууд хэвлэл мэдээлэлд хандаж, ард түмнээс хандив тусламж гуйсан байна. Улмаар тус айлд 136 сая төгрөг цуглаж, хоёр өрөө байртай болж, хандивын үйл ажиллагааг зогсоожээ.
Гэвч цахим орчин тухайн айлын мэдээллийг ашиглан иргэдээс хандив цуглуулах залилангийн хэрэг үйлдэгджээ. Гэмт этгээд энэ хэргийг үйлдэхдээ цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан иргэний зураг, овог нэрийг ашигласан. Өөрөөр хэлбэл Tsedendamba Davaasambuu гэх хаягаар дээрх айлын мэдээллийг оруулж хандив өгөхийг уриалжээ.
Нэр, зургийг нь зальт этгээд ашигласан иргэн 2023 онд фэйсбүүкээ хакердуулсан гэжээ. Харин цагдаагийн байгууллагаас хуурамч хандив гуйсан хүнийг тогтоон, шалгаж эхлээд байна.
Иргэд та бүхэн нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн элдэв төрлийн хандив тусламж гуйсан нийтлэлүүдэд хашир болгоомжтой хандаж, нягтлахыг уриалж байна.