Намрын сэрүү орж, хүн бүхний сэтгэл гэгэлздэг тэр цагаар их Явуу энэхүү шүлгийн мөрийг тэрлэж асан он жилүүд саяхан мэт боловч хоног хугацаа хойно хойноосоо чөрхлөн хөтөлсөөр хагас зуун жилийг аль хэдийн өнгөрөөжээ. Одоо зөвхөн цасан дуулга мод бүхний оройд малгайлж, салхины аясаар найгах өтгөн саглагар Нарс мод ачаа үүрсэн мэт дүнсийн хөдөлж ядна. Ингээд нөгөө намрын хуйсгануур салхи аль эрт зогсож одоо нэгэнт өвөл болжээ. Хотод суулгасан том том Нарс ч мөн адил нойтон цасанд дарагдан мөчир сарвай нь доош унжиж доожоогүйтнэ. Ноднинхон л хотын гудамжны цөөхөн Улиас цасгүй өвөл ёрдойн харагдаж байсан нь мартагнаж, ийм ногоон Нарс модтой ямагт байсан юм шиг санагалзана. Хүмүүс юмыг ер ажрахгүй юм аа. Хэлэхээр тийм байна ш дээ гэх…Хот Нарс модоор чимжээ. Өнгөрсөн намраас эхэлсэн энэ ажлыг хотын бодлого гэж хэлэх хэрэгтэй. Яг үнэндээ төвийн цэцэрлэгүүдийн дотор суулгасан зулзган Гацуур мэтхэн нь аль хэдийнээ үзүүрийн нахиа нь гэмтэж, цааж өсөж ургах “эрхээ” бүрмөсөн хасуулжээ. Жижиг модны том зовлон гэж энэ. Үүнийг ургана, том болно л гэж зарим нь сэтгэх. Үгүй юм аа, тэд, шилмүүст бүх модны үзүүрийн нахиа гэмтсэн бол дээшээ ургадаггүй, хажуу тийшээ л бол сарвайна. Урьд өмнө нь хичнээн ч мод тарив аа.

Тэд ургах нь ургаж, устах нь устсан. Гэвч аанай л ажиггүй зантай манайхан байсан юм шиг сэтгэнэ. Хотын Нарс. Манай хотод 1960-аад оны эхээр 1-р 10 жилийн сургуулийн урд талаар том Нарс мод авч ирж суулгасан нь одоогийн Сөүлийн гудамжинд байгаа өвгөн Нарс моднууд. Түүнийг Их бага Баянаас авч ирж суулгасан тухай эрдэмтэн Даваажамц хуучилдагсан. Одоо түүх болон үлджээ. Манай хотын агаар муу, бохирдолтой одоо цагт агаарын бохирдлыг бууруулж, өөртөө тоос шороог барьж, мөнх ногооноороо байх мод бол Нарс мөн. Үүнийг сонгосон нь тохиолдлын хэрэг биш ээ. Тэр мөнх ногоон мод. Өвөл ч зун ч ногооноороо байна. Яахав, онолын хувьд 5-6 жилд бүх шилмүүсээ сольдог гэх боловч тэр хугацаанд шинэ шинэ шилмүүсээр нөхөн солигдож байдаг аж. Манай орны ойн сангийн 4,2 хувь нь Нарс мод эзлэх бөгөөд ойн талбайгаар тийм ч их биш хэмжээ юм. Монголд нэг л зүйлийн Нарс мод ургадаг, түүнийг Эгэл Нарс гэх бөгөөд оросоор Сосна обыкновенная гэнэ. Харин латин нэршил нь Pinus sylvestris L аж. Нарс мод харьцангуй сайн судлагдсан бөгөөд сүүлийн үед Оросын эрдэмтэн Е.Н.Савин тэргүүтэй Монгол–Зөвлөлтийн хамтарсан иж бүрэн ойн экспедицийнхэн судалсан. Манайд ч Д.Зоёо, Ж.Бат-Эрдэнэ, Б.Цэнгэл, С, Гэрэлбаатар, Б.Удвал, Ч.Базарсад, А,Чимэддорж, Ж.Түшигмаа нарын эрдэмтэд судалж эрдмийн зэрэг цол хамгаалсан байдаг. Нарс гэдэг модоор Наадгайг минь сийлсэн аав гээд дуулна. Нарс модлог чанараараа монголдоо зөөлөн модонд тооцогдоно. Харин яг сийлбэр хийхдээ тулбал Хуш модоор голдуу сийлдэг л дээ. Гэхдээ Нарс маш сайхан мод. Өндөр чилгэр Нарснууд толгой хаялан ганхах нь ертөнцийн салхины аясаар найган бүжих мэт. Үлгэр домогт ч нэрээ үлдээсэн Нарс модоо магтаад магтаад баршгүй. Хамгийн гайхалтай нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутагт байгаа Дуурлигийн Нарс билээ. Тэр хэсэг Нарсан ойг нутгийнхан нь “үүн доор асар их юм бий гэнэлээ” гэж ярисаар өдий хүрсэн гэдэг. Тэнд чухам юу байгааг хэн ч хэлж мэдэхгүй ч тэр мэдээдэл өдий хүртэл улбаалж, Монголын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, БНСУ-ын Үндэсний музей, Монголын үндэсний музейтэй хамтран 1997 оноос “Солонгос–Монголын хамтарсан судалгаа” төслийг хэрэгжүүлж, түүний үр дүнд Дуурлигийн дурсгалт газарт Солонгос-Монголын хамтарсан судалгааны анги 2006-2007 онуудад 3 булшийг малтан судалсан байдаг.

Хүннүгийн нийгмийн дээд давхаргынхны оршуулгын газар хэмээн таамаглаж байсан энэ дурсгалаас тал нутгийн нүүдэлчдийн соёлын илэрхийлэл болсон олдворууд болон Хүннү ба Хятад Хан улсын харилцааг илтгэх олон янзын зүйлс илэрч дэлхийн олон орны судлаачдын сонирхлыг татсан билээ. Ийм нууцыг хадгалж үлдсэн гайхамшигт Нарс бол Дуурлигийн Нарс. Одоогоос 2000 гаруй жилийн өмнөх Хүннүгийн эзэнт гүрний үед тэдний дээд давхарга болох хаад, язгууртнуудын булшийг өнөө хүртэл хадгалсан гэхээр сонирхол татахаас өөр яахав.

Тэрхүү Дурлигийн гэх Нарс модыг огтлох зөвшөөрөл хүртэл авч байж доороос нь булш ухах ажил хийгдэж байсан удаатай. Нарс мод байгаль дээр 200-300 насалдаг гээд бодоход тэрхүү булш бунханг үүсгэснээс хойш бараг 1800 жилийн дараа нарсны үр унаж тэнд Нарсан ой үүсчээ гэж хэлж болно. Үүний дараа манай үеийнхний сайн мэдэх Тужийн Нарсыг дурдахгүй өнгөрч болохгүй. Нарс бол элсэрхэг зөөлөн хөрсөнд ургадаг, тийм газар нутаг ч манайд цөөнгүй. Тухайлбал Булганы Хялганат дахь Дух Нарс, Дүгэрээ Нарсыг нэрлэж болно. Хэнтийн Дадал, Биндэр хавийн Нарс ч бас л сайхан газар ургасан. Бүрэнхааны нуруунаас эхлээд Эрээн даваа, Эрээний нурууг туустал үргэлжилсэн Нарсан ойг би сайн мэднэ. Дорнод аймгийн Ой агнуурын аж ахуйн дарга байхдаа Эрээний тэрэгний үйлдвэрт ой тавьж олгож байсан хүн. Мөн тэнд Нарс мод үрээр болон үрслэгээгээр тарьж байсан бөгөөд одоо тэндээс хаашаа л бол хаашаа сийрэгжүүлэн шилжүүлэх мод Биндэр, Баян-Уул хавийн ойд байгаа. 1980-аад оны сүүлчээр Хэнтийн Биндэр сумын Янгийн арын Нарсан ойд анх удаа арчилгааны огтлол хийж, туж нарсан дундуур коридор гаргаж, холын аянчин гийчид үзэж сонирхдог газар болгосон байсан удаатай. Хялганатын Дүгэрээгийн Нарсыг манай зарим нөхөд Барон Унгерн хүн дүүжилдэг байсан Нарс гээд том саглагар Нарсыг заах нь ч бий. Үнэн худал нь буй мэд. Ямартаа ч Нарс болгон түүх өгүүлнэ. Учир нь урт удаан амьдрал тэр чигээрээ түүх. Монголд хамгийн том талбай эзэлсэн Нарс бол мэдээж Тужийн Нарс. Ойн талбайг нэлэнхүйд нь хамарсан ойг туж ой гэх бөгөөд Тужийн Нарс ийм л шалтгаанаар нэршсэн хэрэг. Харамсалтай нь Ойн хуулинд түймэрт шатсан ойг огтлож ашиглаж болох тухай заалт ороодохсон чинь Тужийн Нарсаа шатааж аваад түймэрт шатсан ой хэмээж огтолж дуусгасан нь 1990-ээд оны эхээр билээ. Түүнээс хойш нэгээнт шатсан ойг “ашиглаж” дуусаад дахин ойжуулах ажил эхэлсэн. Гадна дотны байгууллага, сайн санаат хүн бүр хүчин зүтгэж, “мод тарих буян” гэдэг ойлголтоор хандаж 12,5 мянган га газар Нарсаар ойжжээ. Саяхан тэр ойг очиж үзлээ. Сайхан болжээ. Тужийн Нарс маань ч улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдаж, харж хандах эзэнтэй, ёстой л “авдрандаа” хийж авсан байна. Гэвч тэнд асуудал байна аа. Анх тарьж суулгахдаа 1 га-д 2500 ширхэг залуу зулзган мод суулгасан чинь одоо бараг 20-оод жил ургаж, мөчир шилмүүс нь нийлж, дахин сийрүлэх шаардлага тулгарсан байна.

Анх шан татаж, 2 модны хооронд 1-1,5 метр зайтайгаар суулгасан юм чинь аргагүй биз. Одоо тийтэм нь хоорондоо нийлж шим тэжээл болоод гэрлээ булаацалдан өрсөлдөж, зарим нь хатингаршин налмайж, адаглаад 5 модноос 3-ыг нь “зайлуулах” шаардлага гарчээ. Үүнийг одоо л арга хэмжээ авахгүй бол оройтно. Ямар замаар. Эхний арга бол турь муутай, хатингар, давжаа заримыг нь шууд арчилгааны огтлол маягаар тайр авах. Түлшинд л хэрэглэнэ гэсэн үг. Дараачийн нэг арга бол боломжийн титэмтэй зөв ургалттай, харьцангуй өндөр биш хэсгээс нь ухаж хот суурин газрыг цэцэрлэгжүүлэхэд ашиглах. Эцсийн арга хэмжээ нь 1 га-д 600-800 мод үлдэхээр тооцоолон гэрэлтүүлэх болон цэвэрлэгээний огтлол хийж, ойн үндсэн хэвшимжийг үүсгэх явдал.

Тэгээд нас гүйцсэн хойно 600 модтой байхаар ой үлдэх ёстой. 1 га-д 500-600 ширхэг нас гүйцсэн мод байвал хэвийн ой гэж үздэг гэсэн ерөнхий онол бий. Тэр хэмжээнд аваачих ёстой. Нэгэнт таримал ой учраас ойн арга хэмжээний ажлыг ойн шаардлагын дагуу л хийх учиртай. Тэгтэл хөрөнгө мөнгөний гачаалаас болдогсон уу, ингэх ёстой гэдэг утгаар хандахгүй байна уу, ширэнгэ хэвээрээ өтлөх аюул нүүрлээд байна. Үүнд манай Байгаль хамгаалах яам анхаарал хандуулах ёстой. Магадгүй эндээс чинь хотод авая гээд судлаад асуудал тавиагүй байгаа хот цэцэрлэгжүүлэхийнхний дутагдал ч байж болно. Тэгвэл мэргэжлийн дүгнэлт гаргуулаад, албан ёсны зөвшөөрөл аваад сийрэгжүүлэх огтлол, сийрэгжүүлэх шилжүүлэг хийх бүрэн бололцоотой.

Тусгай хамгаалалттай газар учраас бас л гар хүрч болохгүй гэх сэтгэлгээ битгий давамгаалайсаа билээ. Ер нь үзлэг явуулж арчилгааны болоод сийрүүлэх огтлолыг тарималжуулсан ойд хийх нь ойн хөгжлийн талаасаа ч аж ахуйн талаасаа ч чухлаар тавигдах асуудал. Одоогоор Нарсыг хүлэмж болоод ил талбайд үрээр ургуулж тарьцаар ойжуулах хандлага давамгайлж байна. Энэ зүйтэй. Гэхдээ түүнийг ойн фондод хүлээн авах хэмжээнд ургуулж, арчилж тордсон нь бага байгааг хэн хүнгүй мэднэ. Хамгийн гол нь монголын ойн сангийн хамгийн чухал бүрэлдүүн үнэт шилмүүст Нарсан ойн талаар төрөөс явуулах бодлогоо уламжлуулан урагшлуулах хэрэгтэй. Тухайлбал Нарсны боргоцой бэлтгэх ажлыг үр боловсрох үеэс нь хийж, боргоцой хатаах цех байсныгаа ажилд оруулж, Нарсны тарьц, суулгац үржүүлэх ажлыг төлөвлөгөөтэйгээр удирдаж, нарсан ойгоо гал түймэр, хортон шавшаас хамгаалж, ойжуулалтын ажлыг зүй зохисоор нь хийвээс монголын Нарсан ой хаяагаа тэлж, ногоон нөмрөг үеийн үед оршин байх нь дамжиггүй ээ.

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Нарс найгаа л, Навчис хийсээ л, Уулын оройд будан суугаа л /Б.Явуухулан/”
  1. Маш зөв юм бичжээ. Тужийн нарсан ойг одоо л ном ёсоор нь сийрэгжүүлэхгүй бол үнэхээр болохгүй шүү. Энэ талаар мэргэжлийн байгууллага нь анхаарч, УБ хотын гудамжийг моджуулах ажилд ашиглах талаар тодорхой ажил хийгээсэй.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн