Баян-Өлгий аймагт их хэмжээний цас орж, зам даваа хаагджээ. Онцгой байдлын алба хаагчид цасанд боогдсон зам давааг нээх ажлыг хийж байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Цагаан-Асгат III багийн Хар нуур гэдэг газар их цас орсны улмаас Сагсай сумын 600, Улаанхус сумын 200 гаруй айл өрх цасанд боогдож зам даваа хаагджээ. Иргэдийн дуудлага мэдээлэл 2024 оны дөрөвдүгээр сарын 23-нд Онцгой байдлын байгууллагад ирж, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.
Цасны улмаас 13 км зам, даваа цасанд боогдсон бөгөөд өчигдрийн /2024.04.25/ байдлаар зургаан км замыг чөлөөлж, зам даваа нээх ажиллагаа үргэлжилж байна. Цасны зузаан хоёр метр орчим, салхи шуургатай байгаа нь хүндрэл учруулж байгааг албаныхан мэдээллээ. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн нутгаар цас үргэлжлэн орж байгаа тул иргэд, жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.