Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд талын нүхэн гарцад хийсэн бүтээн байгуулалтыг бүхэлд нь будгаар шүршжээ. Иймд нүхэн гарц доторх камерын системийг сайжруулж, бие засах болон будаг шүрших зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцдог болно.
Тодруулбал, хотын дарга Х.Нямбаатар тус газар ажиллахдаа “Тохижилт, үйлчилгээний ажилчид цэвэрлээд байхад нөгөө талд бүтээн байгуулалтыг сүйтгээд байгаа иргэдэд хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Наймдугаар сарын 1-нээс тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 доллартой дүйцэхүйц буюу 3-3.5 сая болгон нэмэх чиглэлээр холбогдох тооцоо, судалгааг хийж танилцуулахыг дүүргийн удирдлагуудад даалгана” гэж хэлсэн юм.
Харин тохижилт үйлчилгээний ажилчид цэвэрлэсэн талбайг нь хүмүүс буцаад маш хурдан бохирдуулдаг бөгөөд иргэд хогоо хогийн саванд хийхээ больсноос гадна шаардлага тавихад уурлаж, загнадаг болсон гэдгийг онцолж дуулгав.