Танзани улсад хэдэн долоо хоног үргэлжилсэн аадар борооны улмаас үер болон, хөрсний гулгалт үүсчээ. Үерийн улмаас 155 хүн амиа алдаж, 236 хүн шархадсан гэж тус улсын ерөнхий сайд мэдэгдлээ.
Кассим Мажалива парламентад хэлэхдээ, Эль-Нино цаг уурын хэв маяг нь үргэлжилж буй борооны улирлыг улам дордуулж, үерт автуулж, авто зам, гүүр, төмөр замыг сүйтгэж байна гэжээ. Эль Нино бол дэлхийн хамгийн халуун, ган гачигтай, аадар бороо үргэлжлэн ордог байгаль цаг уурын хэв маяг юм. Борооны сүйрлийн үр дагавар нь байгаль орчны хямралтай ихээхэн холбоотой гэж Мажалива нэмж хэлэв. Мөн ой модыг огтолж, тогтворгүй газар тариалан эрхлэх гэх мэт үйл ажиллагааг буруутгаж байна.
Дор хаяж 200 мянга гаруй хүн, 51 мянган өрх бороонд нэрвэгдсэнийг ерөнхий сайд онцлон тэмдэглэв. Үерт автсан сургуулиудыг хааж, онцгой байдлынхан хүмүүсийг аварч байна. Мажалива нам дор газар амьдардаг хүмүүсийг өндөрлөг газар руу нүүхийг анхааруулж, гэр нь усанд автсан хүмүүст зориулсан хангамжийг шаардлагатай хүмүүст хүргэхийг дүүргийн удирдлагуудад даалгав.
Түүнчлэн, Бурундид хэдэн сар үргэлжилсэн борооны улмаас 96 мянга орчим хүн дүрвэсэн гэж НҮБ болон засгийн газар энэ сарын эхээр мэдэгдэв. НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газраас өгч буй шинэчилсэн мэдээллээр Сомали улсад “Гу” бороо (дөрөвдүгээр сараас зургаадугаар сар хүртэл ордог бороо) ширүүсч, дөрөвдүгээр сарын 19-нөөс хойш шар усны үер болсныг мэдээлэв.
Эх сурвалж: CNN