Баабар: Дубайд ямар ч нууц гэрээ байгуулаагүй

-“Монголын эдийн засгийн чуулга 2018”-д хэлсэн үг-

1998 онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Монголын банк санхүүгийн системд хийгдсэн гол чухал реформыг удирдан хийлгэсэн хүн нь би өөрөө байна. Бараг бүх арилжааны банкууд төрийн мэдэлд байсан ба 1992-1998 оны хооронд арав гаруй банк дампуурахад бүгдийг нь “Ард” хэмээх хамгийн том банкин дээрээ овоолж санхүүгийн аймшигт хямрал буй болгочихсон байлаа.

Төрд хамаарах арилжааны банкууд 100 сая орчим долларын найдваргүй зээл олгосон нь тухайн үеийн чадавхигүй улс орны санхүүгийн системийг тэр чигээр нь хөнтрөх хэмжээнд тулчихаад байсан юм. Үндэсний нийт бүтээгдэхүүн ганц тэрбум долларт хүрдэггүй, ДНБ-ийнхээ 40 хувийг гадны зээлээр бүрдүүлдэг, улсын нийт нөөц нь 1996 оны байдлаар ердөө зургаахан сая доллар байсан ийм оронд энэ хямралт тогтолцоог яаралтай засахгүй бол улсаараа дампуурах ирмэгт тулсан байсан. Төрд хамааралтай бүх банк зээл олгосны шанд зээлүүлэх шийдвэр гаргагчид 10-15 хувь хахууль өгдөг нь ил тод, бүр заавал тэгэх ёстой жишиг болчихоод байсан.

Гэвч реформ хийхээс бүгд айж зугтдаг байсан болохоор үүнийг зориглож хийх хүн хэрэгтэй байлаа. Тэр зоригтой мангар нь би болж таарсан. Гүжир гүтгэлэг, гуйвуулга, улстөрийн хонзогнол улс даяар үерлэж эгээтэй л цаазаар авахуулчихсангүй. Гээд тэр реформын хүчээр банк санхүүгийн систем эрүүлжсэн. Та өнөөдөр аль нэг банкинд очоод “Мөнгө зээлүүлээч, зээлүүлсэн мөнгөний чинь 15 хувиар чамайг хөхиүлэн шагная” гээд хэлээд үз дээ. Харин би үүнээс хойш Монголын төр байтугай улс төрийн намаас ч аль болох дөлж холхон байхыг хичээх болсон. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэж аль 1938 онд Ерөнхий сайд А.Амар сануулж байсан.

ХХ зуун болоод энэ зууны эхний хорь шахам жилд үүргийнхээ дагуу улс төрийн шийдвэр гаргаад, түүндээ дандаа буруутсан хүмүүсийн намтраар манай эх орны түүх бүрддэг. Тэр байтугай бүх Ерөнхий сайд нарын 20 хувь нь алагдсан ба бусдын эрхшээлд үхсэн. Сайн нэртэй, эсвэл огт мартагдсан удирдагчид нь ямар ч улс төрийн шийдвэр гаргалгүй чимээгүй амиа хоохойлоод явагсад байжээ. Нэгэнт өмнө нь гашуун туршлага байгаа болохоор цаашид ч энэ байдал улам лавшрана. Улс орны байтугай айл өрхийн хэмжээнд ч шийдвэр гаргах үүрэгтэй хүн огт шийдвэр гаргахгүй байх нь хамгийн аюул хөнөөлтэй гамшиг юм. Буруу шийдвэр гаргаж болно, энэ нь үүнээ засах бололцоог буй болгож байгаа юм.

Харин ямар ч шийдвэр гаргахгүй байх нь мөхөл рүү хөтлөх хамгийн тохиромжтой дардан зам. Ямар ч шийдвэр байхгүй вакуумжсан орчинд хорлон сүйтгэх ажиллагаа маш идэвхижиж улсын хувьд ч айлын хувьд ч ашиг завшаан харсан нэгэнд хялбар зууш болдог. Хийрхэл газар авч, онцгойрон хийрхэгчид нь эндээс амин хувийн ашиг завшаан олно. Тэд хичнээн их ашиг завшаан оллоо оллоо гээд тэр нь нийтэд учирч буй хохиролтой харьцуулахад дуслын төдий л юм байдаг. Жоом устгаж байна гээд гэр орноо түймэрдэн шатаах, шудрага явдал тогтоож байна гээд улс орноо мөхөөх хоёрт онцын ялгаа байхгүй.

Жоом хортой нь шинжлэх ухаанаар батлагдсан, харин шудрага гэж яриад байгаа нь ихэнхдээ хийрхэгчийн өөрийнх нь үнэлэмж байдгаараа ялгаатай. Оюутолгой хэмээх зэсийн асар том орд энэ зууны эхээр Монголоос олдсон нь өнөөдөр бидний хамгийн том зовлон гамшиг боллоо. Үүнийг монголчууд ч олоогүй, гадны мэргэжилтнүүд нээгээгүй бол өдий болтол хэнд ч зовлон тарилгүй газар дороо нам тайван байх байсан. Олсон байлаа гээд үүнийг ашиглах хөрөнгө мөнгө, техник технологи, чадал тэнхээ бидэнд байхгүй. Оюутолгой нээгдсэн үеэс хэрүүл үүссэн, тэр үед Монгол Улсын үндэсний нийт үйлдвэрлэл ганц тэрбум доллар байсан. Харин гадаадын хөрөнгө оруулагч олдсоны хүчээр өдгөө бидэнд огт байхгүй 10 тэрбум орчим долларыг гаднаас татчихаад байна.

Монгол орон байгалийн баялагаар дэндүү баян. Цаана нь зөндөө олон Оюутолгой байгаа. Хэрэв энэ бүхнийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид дэлхийн хамгийн баян орны нэг болох ирээдүй бий. Өөрөө ч иддэггүй өрөөлийг ч хавьтуулдаггүй бухал манасан нохой шиг байгаад байх аваас биднээс гуйрамчлал хэзээ ч салахгүй. Монгол Улсыг улс төр, эдийн засгийн хувьд ганцаардуулж вакуумжуулах хүсэл хэний сонирхол байж болохыг бас бодож үзээрэй. Тэнэг хүн бусдын доог тохуу болж байгаагаа ч мэддэггүй юм даа.

Манай иргэдийн хэтэрхий дийлэнх нь Оюутолгойн гэрээ буруу болсон, гадныханд ясандаа тултал дээрэмдүүлж байна, манай бүх баялагийг тэд дээрэмдэн аваад ганц төгрөг ч хялайлгадаггүй, бид Оюутолгойгоос болоод хэзээ ч төлж барахгүй өрөнд орсон гэсэн ягшмал ойлголттой болсон. Бодит байдал дээр Оюутолгой компани 2009-2017 онд Монголын банкуудаар дамжуулан 7,7 тэрбум орчим доллар Монголд оруулж иржээ. Үүнээс 1,6 тэрбум долларыг улсын төсөвт нийлдэг татвар, нийгмийн даатгалд өгсөн байна.

Үүн дээр Дотоод ханган нийлүүлэгчдэд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь 520 сая доллар болж нийлбэрээрээ 2 тэрбум гаруй доллар болжээ. 5,7 тэрбум доллароор Монголд 1700 орчим компанитай худалдаа хийжээ. Оюутолгойд өнөөдөр 14 мянган монгол хүн ажиллаж байгаа ба тэдний доод цалин нэг мянган доллар, дундаж цалин сард гурван мянган доллар байгаа нь бусад аль ч салбарынхаас арав дахин илүүд тооцогдож байна. 2009-2017 оны хооронд Оюутолгой хоёр жил хаалгаа барьсныг энд бас тооцож үзээрэй. Оюутолгойн Монголд жилд үлдээж байгаа мөнгөний нийт дүн дангаараа тэрбум доллар болж байгаа нь Оюутолгойгоос өмнөх үеийн Монголын нийт үндэсний орлоготой тэнцэж байна.

Энэ үлдээж байгаа мөнгө нь Монголын төрөөс цалинждаг 187 мянган ажилтан албан хаагч болон тэгтгэвэр авдаг нийт 398 мянган хүмүүсийн нийлбэр цалин тэтгэмжтэй тэнцэж байна. Оюутолгойгоос сар болгон 110-120 сая доллар Монголын банкуудаар орж монгол төгрөгөөр хөрвөж буй нь өнөөдөртөө монгол төгрөгний ханшийг тогтоож байна шүү дээ. Эдгээр нь нууц тоо биш, үүнийг яг над шиг манай банкуудаас лавлаж болно. Учир нь энэ бүх мөнгө Монголын банкуудаар эргэлддэг. Өнөөдөр эмч, эмнэлгийн ажилчид цалингаа нэмэхийг шаардан жагсаж байна.

Хэрвээ Оюутолгой зогсвол юун цалин нэмүүлэх, дээр нь багш нар цалингүй болно. Төгрөгийн ханш хэлбэлзээд байдаг учир америк доллароор хэллээ, төгрөгт шилжүүлэх гэвэл 2500-аар үржүүл, их наяд гэсэн тоо гараад ирнэ, энэ нь ардаа 12 тэгтэй төгрөг шүү. Буруу гэрээ болсон гэхийн хувьд гэрээг хэн уншиж чухам аль заалт нь буруу буюу алдагдалтай болсныг нотолсон юм бэ? Миний таамаглаж байгаагаар намайг оролцуулаад Монголын талаас гэрээг бүрэн байтугай хагас дутуу уншсан хүн огт байхгүй байхаа.

Уншсан ч ойлгохын тулд олон улсын гэрээ хэлэлцээрийн дэг жаяг, утга учир, тооцоо нягтлалыг хуулийн болон эдийн засгийн утгаар нь мэргэжлийн төвшинд мэддэг хичнээн монгол хүн манай гурван сая иргэд дотор бий билээ дээ? Өрөнд орсны хувьд хэний буруу вэ? Оюутолгойн ордыг ашиглахаар шийдсэн гадны компаний 34 хувийг өөрсдөөс нь зээлээр авч эзэмшээд, хожим олзворлолтоос ноогдох зэсээрээ эргүүлж төлөх шийдвэрийг хэн гаргасан бэ? Эндүүрээгүй бол 2008 онд орд ашиглах компанитай гэрээ хийхээр томилогдсон хүмүүс УИХ-аас хатуу тулган хуульчлагдсан 34 хувь гэсэн тоотой очсон санагдана.

Ямар ч өр зээл тавилгүй, нэг төгрөгний ч гарлагагүйгээр татвараа аваад явахад ямар ч хариуцлага хүлээлгүйгээр илүү ашигтай байхаар байна гэдгийг мэргэжлийн олон хүн анхааруулж байсныг өнөөдөр мартсан уу? Оюутолгойн гэрээ муу буруу болсон гэдэгтэй би санал нэг байна. Муу, буруу нь чухам энд байна. Энэ бурууг бид өөрсдөө хийсэн. Дубайд ямар ч нууц гэрээ байгуулаагүй. Нууц байсан бол дэлхийн хамгийн нээлттэй хотод биш, Улаанбаатарын аль нэг орон сууцны подволд хаалгаа түгжиж байгаад хийвэл хамаагүй илүү нууц байх болно.

Манай ард түмний “хилэнт” эсэргүүцлээс болоод хоёр жил хаалгаа барьсан байсан Оюутолгойн ордын ашиглалтыг эргүүлж амилуулах, баялагийн ихэнх нь нуугдаж байгаа хоёр км-ын гүн дэх зэсийг газар дор баяжуулах дэлхийд өөр хаана ч байхгүй цоо шинэ дэвшилтэт технологиор ашиглах болсноо дэлхий даяар ил тодоор зарлаж, үүний дүнд бусад орны хүн болон компаниудыг Оюутолгойд хөрөнгө оруулахыг ятган уриалахын тулд, нэг үгэндээ нууц биш байлгахын тулд олон орны том компаниуд төвлөрсөн, санхүү бизнисийн дэлхийн хамгийн нээлттэй хотын нэг Дубайг сонгожээ. Энгийн үнэн ердөө л энэ. Иймэрхүү үнэнийг гуйвуулсан, улайм цайм гүтгэсэн, нийгэмд худал мэдээ тарааж үймүүлсэн эх оронч мэдээлэл юун түрүүн төрийн байгууллагаас эхэлж гардаг.

Төрөөс дэмжлэг авсан өвчтэй эрүүл нь мэдэгдэхгүй хүмүүс, яль шалигүй ашиг завшаан хайсан рэкэтчид энэ үгэнд хууртаж, эсвэл хожоо гаргах гэж биечлэн гардан тулалдаанд ордог. Оюутолгой болон өөр бусад уул уурхайн компанийг айлган сүрдүүлж, тэндэрийг нь аваад тэр чигтээ гулруулан дээрэмдчихсэн хэд хэдэн зүтгэлтэн өнөөдөр ч төрийн дээд эрх мэдэлд суусаар байгааг би нэрээр нь хэлж чадна. Жинхэнэ томоохон хожоо гаргагчид тэд. Хөөрхий гудамжныханд шавхруу л ноогдож байгаа шүү дээ. Зайлуул даа, эдний хожиж гийгүүлсэн нийт мөнгөний нийлбэр дүнг Монголын эдийн засагт учруулж буй хохирлын мөнгөн дүнтэй харьцуулахад дусалд ч хүрэхгүй.

Хайрлаад байхаар нэр төр байхгүй, эсвэл хэнд ч танил биш учраас хэнд ч ажиглагддаггүй мөртөө луйвар хийдэг компаниуд дэлхийгээр нэг бий. Абекс Молам, Чингисийн удмын Жаргаланхаан, Монголын шонхор шувууг хамгаалагч Америкийн иргэн араб эр Алан Парат, Жи Тайм компани, Хүнд гар Сараа гээд зах зухыг нь хэрэв мартчихаагүй бол зарим нь санаж байж магадгүй. Манайх шиг эрүүлээр сэтгэхийн оронд эрүүл бишээр хийрхдэг нийгэм нь ийм луйварчдын хялбар зууш болдог. 2011 онд Канадын Хан рисорс компанийг хөөн гаргасан. Тэдний Монголд хийсэн хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 12 сая доллар байсан гэх юм билээ. Хөөгдөнгүүтээ тэд 20 сая доллароор тохирохыг санал болгосон.

Энэнд тохиролцоо хийх зоригтой шийдвэр гаргагч “мангар” олдоогүй тул тэд олон улсын арбитражийн шүүхэд хандан 400 сая доллар нэхэмжилсэн. Шүүх удтал хэлэлцээд Монгол улсын Засгийн газарт 100 сая долларын торгууль ноогдуулсан. Торгуулиа төлөхгүй удсан учир дахин шүүхэд хандана гэсэн учир ярилцаж гуйж байж 70 сая доллар төлж эхэлсэн. Шийдвэр гаргах эрх байтугай үүрэг хүлээсэн хүмүүс эхнээсээ яагаад хөөсөн юм, хөөлөө гэхэд 20 сая дээр нь тогтчихгүй яасан юм гэх мэт асуулт гарна. Харин цаад компани оруулсан хөрөнгөө 6 дахин өсгөөд гарч буй нь ийм хачирхалтай Засгийн газартай оронд ажил хийлгүйгээр асар их мөнгө олж болохыг илчлэн харуулж буй хэрэг юм.

Монголд хөрөнгө оруулах зөвшөөрөл авчихаад эцэст нь хөөгдөөд гарвал маш их унацтай байна гэдгийг бид нотлон харуулж урин дуудаад байгаа шүү. Одоо ч хөөгдөн гарахын түүс болчихоод бэлтгэлээ базааж буй хэд хэдэн гадны компани бэлэн байдалд байна. Бид нэрийг нь монгол аялгаар Айванхүү майнууз гэж нэрэлдэг, бирж дээр ажилладаг жижиг компани Оюутолгойн ордыг нээж өгсөн нь сайшаалтай хэрэг. Гэхдээ тус компани гол нь биржийн наймаан дээр спекуляц хийдгээр мэргэшсэн этгээд юм.

Тэдний зорилго зэс олзворлож хөдөлмөр хийж ашиг олох биш, олон улсын бирж дээр хувьцааны үнийг нь савлуулж өсгөн наймаалцахад оршино. Гудамжны эх орончид тэдний оффис руу дайрч, машиныг нь түлхэн унагаж шатаахаар завдсанаар биржийн үнэлгээ 1,5 доллар хүртэл доош нь унахад хувьцааг бөөнөөр худалдан авсан. Дараа нь нэр хүнд бүхий уул уурхайн том компани болон Монголын Засгийн газартай хэлэлцээр хийн худалдахаар болоход хувьцаа 25 доллар хүрсэн. Энэ хооронд хувьцааны үнийн өсөлт бараг 20 дахин ашиг өгчээ.

Энэ савлалтыг тэд өөрснөө далдаас зохион байгуулсан ч гэж ярих юм билээ. Тэнэг хүн бусдын доог тохуу болж байгаагаа ч ойлгодоггүй юм даа. Хонь хариулж яваад социалист хөдөлмөрийн бригадын гишүүн болсон, тэндээсээ социализмыг нураан ардчилагч болсон бидний төрх ийм байна. Монгол гэж хамтарч болдоггүй хөнтөрч болдог, нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо. Нураахаас өөр үйл явцгүй, нураагчдаас өөр хөдөлгөх хүчингүй болсон энэ тогтоцыг яаж аврах вэ? Нуралтыг нь зогсоох гэж түшээд нурингид нь дарагдах уу, нураалцаж дуусгаад шинээр босгох уу? Актлагдсан орон сууц шиг болсон улс төрийн тогтоцыг яавал дээр вэ? Одоо бидэнд ямар гарц байна вэ? Оюутолгойг хаах, эсвэл нийтээр ухамсар сууж ертөнцийн дэг жаягийг ойлгодог болох хүртлээ олон жилээр консервацид хадгалах нь оновчтой шийдэл байх гэж бодогдох боллоо.

15 жилийн өмнө ердөө ганцхан тэрбум долларын үндэсний нийт орлоготойгоор хэрүүл уруулгүй аз жаргалтай, нам засагтаа талархаад сэтгэл хангалуун амьдарч байсан бид өнөөдөр 12 тэрбум долларын Үндэсний нийт орлоготой 70 сая мал сүрэгтэйгээр Оюутолгойтой толгойгүй тураад үхчихгүй нь л лав. Цаана нь бидэнд олон арван Оюутолгой байна. Тэнд хүрч тэрийг үр ашигтай ашиглахын тулд бидэнд ердийн эрүүл ухаан хэрэгтэй. Энэ чигээрээ хийрхээд байх аваас ганц байгааг нь ч ашиглаж чадахгүй хэдэн үеийг өнгөрөөнө. Бидэнд өнөөдөр мөнгөнөөс илүү дутагдаж байгаа юм бол ухамсрын шанаа. Энэгүйгээр бидний ирээдүй хар бараанаараа цааш хэдэн ч үе үргэлжилж магадгүй. Тэнэг хүн бусдын доог тохуу болж буйгаа анзаардаггүй юм даа.

Нүгэлийн хажуугаар нүдээ анин чимээгүй өнгөрөгсөд нүгэл үйлдэгчээс илүү нүгэлтэн гэж аугаа найрагч Дантэ олон зууны өмнө сануулжээ. Улс үндэстнийг мөхөл рүү нь чирж буй бусармаг нүгэлт үйлийг харж ойлгохын цаагуур ойлгож, мэдэхийн цаагуур мэдэж байгаа мөртөө амиа бодон чимээгүй явсаар буй нүгэлт үй олон бэртэгчдийн өмнөөс нь би энэ үгийг хэлж байна. Би эх оронч хүн. Урьд нь би хэзээ ч ингэж зарлаж байсангүй, цөмөлчиж магадгүй гэж айгаад цээжээ бөмбөр мэт нүдээгүй. Эх орондоо хайртай учраас ийм үг хэлж байна. Яагаад гэвэл энэ бол миний оршихуй, надад хамаарах – миний эх орон. Би өөрийгээ эх орныхоо нэг хэсэг гэдгээ мэддэг. Тийм учраас хэний ч хажууд,хэний ч дэргэд омог бардам эх оронч.

 

2018.5.22

Эх сурвалж: 

p18lkd97otjvl13et8g8h4m182i1 Баабар: Дубайд ямар ч нууц гэрээ байгуулаагүй

2 сэтгэгдэлтэй

  1. яг үнэн энд хийрхэгчид нь Намбарын Энхбаяр Ганбаатар зөнөг Шаравдорж Оюунбаатар тэдний хормойноос зүүгдсэн амиа хоохоологч нялхцууд болон хуучнаа санагалзсан өвөгчүүд чавганц нар л гэрээг цуцлах ёстой гэж ард түмний тархийг угааж баина Ард түмэн минь эдний сурталд бүү авт Энэ нь Энхбаяр Ганбаатар нарын төрийн толгойд гарах гэсэн хүсэл шунал нь юм шүү Ард түмэн минь

    Хариулах
  2. оюу толгойтой гэрээ байгуулснаар монголын эдийн засаг сэргэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх харин зүгээр гайгүй ашиг юу байна засвар оруулах нь хэрэгтэй байхаа түүнээс биш гэрээг цуцулаж болохүй п дээ

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.