Улсын хэмжээнд “Байгалиа хамгаалья” аян ид өрнөж байна. Манай улсын амьтны тухай хуулийн 4.1.4-т “Ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устгаж үгүй болсон амьтныг ойлгоно” гэж заасан. Иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмагаасаа болоод ч тэр үү, эсвэл баригдахгүй гэж боддог юм уу хүрэн баавгай ангах, эд эрхтнийг нь худалдсан тохиолдол сүүлийн үед газар авчээ.
Ховор амьтан агнахаас гадна тэдгээрийн гаралтай түүхий эд, эрхтнийг хадгалсан худалдсан, тээвэрлэсэн бол агнасантай адилтгаж үзэхээр хуульчилсан. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн иргэн О-д холбогдох хэрэг. Хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий арьс тээвэрлэж яваад саатуулагдсан юм. Тус шүүхээс иргэн О-д нэг жилийн тэнсэн харгалзах ял оноож, тээврийн хэрэгслийг нь улсын орлогод авах, уг амьтны экологи эдийн засгийн үнэлгээ болох 6.5 сая төгрөгийг хоёр дахин нугалж буюу 13 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр болжээ.