Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэгдэж, 2022 оноос хойш нийт 3,4 сая мод тарьж, 500 мянган модны тарьц үржүүлсний зэрэгцээ Хангалын голын дагуух татмын ойг нөхөн сэргээх, Байгалийн бургасан ойн плантац байгуулах ажлыг гүйцэтгэсэн байна.
2021 оны арванэгдүгээр сарын 12-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай хамтран ажиллах батламжид гарын үсэг зурсан. Мөн 2022 оны тавдугаар сарын 22-ны өдөр “Эрдэнэт 100 сая мод” хөтөлбөрийг боловсруулан захирлын зөвлөлөөр батлуулсан. “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ нь мод тарьж, арчлан, ургуулах ажлыг БОАЖЯ, Ойн газрын Тэрбум мод үндэсний хөдөлгөөний стратеги, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 13 аймгийн бүс нутагт хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан уул уурхайн компаниудад үлгэр жишээ болохуйц ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.
2022 онд “Ногоон хөгжлийн төслийн нэгж”-ийг үйлдвэрийн дэргэд байгуулж
- Монгол улсын анхны ойн үрийг хадгалах, генетик нөөцийг хамгаалах “Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв”,
- Биобордоо, микоризт хөрс боловсруулах “Хөрсний инновац, технологийн Эрдэнэт төв”
- Хангайн бүсэд жилд 10 сая шилмүүст модны тарьц бойжуулах хүчин чадалтай Мод үржүүлгийн Эрдэнэт цогцолбор (Булган аймгийн Сэлэнгэ сумын Шар талд 134 га талбай)
- Говь хээрийн бүсэд жилд 1 сая тарьц, суулгац бойжуулах Мод үржүүлгийн газруудыг байгуулахаар ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулах ажлын хүрээнд Эрдэнэт хотод “Киргиз-Монголын Найрамдалын цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаар суурь судалгааны ажлыг гүйцэтгэж зургадугаар сард бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байна.
“Эрдэнэт 100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд Хангайн бүсийн доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор 33 сая мод, Говь хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг сааруулах зорилгоор 30 сая мод, Орхон аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 27 сая мод, хамгаалалтын ойн зурваст 10 сая мод тарьж, арчлан ургуулахаар төлөвлөжээ.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хог хаягдал, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилтуудыг дэвшүүлэн дэлхийн жишиг, Монголын бахархал, тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэсэн үндэсний баялгийг бүтээгч болохын төлөө ажиллахаар зорилгоо тодорхойлжээ.