Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Исламабад хотноо зохион байгуулагдаж буй ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзлаа.
Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллахын чухлыг санал нэгтэй дурдаад, Монгол Улсаас Пакистан Улсад халал аргаар бэлтгэсэн мах болон ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, Пакистан Улсаас Монгол Улсад оёмол, нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийн талаар санал солилцов.
Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф хоёр улсын Засгийн газар хоорондын комисс байгуулж, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал хэллээ. Мөн хоёр улсын Элчин сайдын яамыг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд визний хөнгөлөлт үзүүлэх асуудалд анхаарч өгөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүслээ. Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа тэрбээр илэрхийлээд үүнийг бодит ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа онцоллоо.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНЭУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.ЖАЙШАНКАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллах үеэрээ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ковид-19 цар тахлын хүнд үед Энэтхэг Улс манай улсад анхны вакцин хандивласанд дахин талархал илэрхийллээ.