“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн зөвлөлдөх уулзалт буюу ерөнхий замын зураглал боловсруулах хурал өнөөдөр Монгол Улсын Шинжлэх ухааны академид боллоо.
Хуралд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын төлөөлөл оролцлоо.
Эгийн голын УЦС төслийн зүгээс Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн судалгааны ажлуудад дүгнэлт өгөх, үр дүнгээ харилцан зөвлөлдөж, хүлээн зөвшөөрөх үүрэг бүхий хоёр улсын эрдэмтдийн ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх, хоёр улсын эрдэмтдийн ажлын хэсэг, Эгийн голын УЦС төслийг хариуцаж буй төр захиргааны байгууллагын төлөөлөгчийг оролцуулсан хамтарсан семинар, хурлууд зохион байгуулах, гарч буй санал шүүмж, үр дүнг хэлэлцэж, харилцан нэгдсэн ойлголттой болж хамтран ажиллахаар боллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.