БНХАУ-ын Шанхай хотноо маргааш эхлэх “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцогчдын сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа, дэлхийд технологийн судалгаа, хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Huawei” компанийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Тус компанийн Тэргүүн гүйцэтгэх захирал Ван Жяньфөн компанийнхаа үйл ажиллагааг танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо үргэлжлүүлж, технологийн хөгжлийн дагуу гурван шилжилт хийхээр шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт буюу хүний нөөцийг чадавхжуулах, орчин үеийн техник, технологийг ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Эдгээр шилжилтийг хийхэд “Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар тус компанитай хамтран ажиллахаар болов.
Хамтын ажиллагааг эрчимжүүлж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээр ахлуулж байгууллаа.