Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, хатагтай Коринн Пэрера хоёр улсын хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, техник, технологи, тоног төхөөрөмж сайжруулахад ихээхэн анхаарал хандуулан ажиллаж буйгаа илэрхийлсэн бол Төрийн нарийн бичгийн даргын зүгээс Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс нь эртний найрсаг харилцаатай хийгээд ирэх онд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох гэж буйг онцлоод яамнаас хэрэгжүүлж буй бодлого, чиг үүргийн талаар танилцууллаа.
Түүнчлэн хууль сахиулах байгууллагуудад орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх боломж хийгээд чиглэлийн бусад асуудлаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад Монголын талаас ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгч А.Энх-Эрдэнэ, Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга Н.Жамъянхүү, ХХЕГ-ын Техникийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ууганбаяр нарын өргөн бүрэлдэхүүн байлцав гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.