Израилын зэвсэгт хүчин пүрэв гарагт /2024.10.10/ Ливаны нийслэл Бейрутийн төв бүсэд цохилт өгсний улмаас 22 хүн амь үрэгдэж, 117 хүн бэртсэн байна. Бейрутийн төвд байрладаг хоёр орон сууцны хороололд агаарын цохилт өгсөн юм. Израилын зэвсэгт хүчин тэдгээр хорооллуудад Хезболлатай холбоо бүхий хэт даврагч бүлэг байсан гэж мэдэгдлээ.
Хезболлагийн эрхэлдэг “Al Manar TV” мэдээлэл хийхдээ тус бүлгийн аюулгүй байдлын албаны дээд тушаалтан Вафик Сафаг хөнөөх оролдлого гарсан ч бүтэлгүйтсэн гэсэн юм. Сафа агаарын цохилтод өртсөн барилгын аль нэгэнд байгаагүй аж. Газын зурвасын дайн эхэлснээс хойш Израил, Хезболла хил дээрээ жижиг хэмжээний мөргөлдөөн үүсгэсэн. Тэгвэл одоо тус мөргөлдөөн хурцдаж, Израил Ливаны өмнөд бүсэд цэргээ оруулж хуурай газрын довтолгоо эхлүүлсэн байгаа.
Үүнтэй зэрэгцэн Хезболла бүлэг Израилын илүү гүн бүс рүү пуужин харвах болсон. Пүрэв гарагт Бейрутэд болсон цохилтын хажуугаар Израилын арми НҮБ-ын энхийг сахиулагчид руу гал нээж, хоёр энхийг сахиулагч бэртсэн байна. Ливан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болох “UNFIL” мэдэгдэл хийхдээ төв байр болон бусад байршлууд Израилын галд хэд хэдэн удаа өртсөн гэжээ.
Эх сурвалж: Euro News