Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг танилцуулжээ.
Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн дагуул хот болон Шинэ Зуунмод хотын талаар дараах мэдээллийг өглөө. Тэрээр:
- Өнгөрсөн хаврын чуулганаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар анх удаа Төв аймгийн газар нутаг дээр Улаанбаатар хотын дагуул хотыг корпорацын зарчмаар байгуулна. Саяхан Засгийн газрын хуралдаанаар Шинэ Зуунмод хотын захирагчийг томилсон. Мөн удирдах зөвлөлтэй байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн 30 хувийг Төв аймгаас, бусад гишүүдийг Улаанбаатар хотын захиргаа болон холбогдох яамдаас томилно. Тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж олсон орлогын 80 хувийг Шинэ Зүунмод хот өөрийнхөө хөгжилд зарцуулна. Үлдсэн 20 хувийг нь Төв аймагт зарцуулна.
- Үүнээс гадна 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Налайх, Багануур дүүргүүд улсын зэрэглэлтэй бие даасан хот болно. Харин Багахангай дүүргийн хувьд дагуул хот хэлбэрээр хөгжинө.
- Бидний нэрлэж заншсан Партизан тосгон буюу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоныг Агро сити буюу хот орчмын хүнсний хангамжийг бүрдүүлдэг татварын хөнгөлөлттэй бүс байдлаар хөгжүүлнэ. Түүнчлэн 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс зуслангийн бүсийг Шарга морьт хот гэж нэрлэн дагуул хотын хэлбэрээр зохион байгуулна. Мөн бусад дүүргүүд болон Яармаг, Дарь-Эх, Орбит зэрэг одоогийн нэршилтэй 14 хоттой байна.