Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр Google компанитай хамтран ажиллахаар болжээ. Google Maps компанийн Ази Номхон Далайн бүсийг хариуцсан захирал Самуэл Жесси болон холбогдох албаныхан энэ талаар уулзалт зохион байгуулсан байна.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Google компанийн төлөөлөл Монголд ирсэн байна. Тус компанийн дөрвөн бүтцийн байгууллагаас зургаан төлөөлөгч ирж ажиллаж байна. Тэд Улаанбаатар хоттой хамтарч түгжрэлийг шийдэх санаачилга дэвшүүллээ.
Тус компанийн хамтарч ажиллах 11 дэх хот Улаанбаатар болж байна. Германы Хамбург, Индонезийн Жакарта, АНЭУ-ын Абу Даби, Энэтхэгийн Бангалор зэрэг 10 хоттой “Google” компани хамтарч ажиллаж байгаа юм байна.
Google хэрэглэгчийн дата мэдээлэлд суурилан авто замын түгжрэлийг бодит цаг дээр хиймэл оюун ухаанаар тооцоолж замын хөдөлгөөний зохицуулалт хийх программ хангамжийг нэвтрүүлэхэд хамтарч ажиллах санаачилгыг гаргалаа.
Нийслэлийн 170 уулзварыг камерын нэгдсэн системд холбох ажил 11 дүгээр сарын 1-нд дуусна. Эдгээр уулзварыг хиймэл оюун ухаанаар зохицуулах AI технологийг нэвтрүүлэхэд “Google” компани хамтарч ажиллахаар тохиролцлоо” гэж мэдээллээ.