Монгол Улс, Улаанбаатар хот – [2024.09.13] – Монгол дахь АНУ-ын Худалдааны Танхим (“АмЧам” гэх)-аас Монгол Улсын Ерөнхий сайдад илгээсэн захидалдаа өөрийн гишүүн компаниудын нэг болох Монполимет Групп ХХК-ийн эсрэг саяхан авсан арга хэмжээний талаар ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Тэрхүү арга хэмжээний хүрээнд уг компанийн болон түүний удирдлагууд, гэр бүлийн гишүүдийн банкны дансыг царцаасныг үндэслэлгүй бөгөөд тэнцвэргүй арга хэмжээ гэж дурдаад уг арга хэмжээний улмаас компанид санхүүгийн хүнд дарамт учруулж, бизнесийг нь дампуурахад хүргэж байна гэжээ.
Дээрх арга хэмжээ нь Монполиметийн ажилтнуудад ихээхэн хүндрэл учруулж байгаа төдийгүй компани болон түүний хувьцаа эзэмшигчдийн нэр хүнд, эдийн засгийн нөхцөл байдалд ноцтой хохирол учруулж байна. Үүнээс улбаалан гарах нөлөөлөл өргөн хүрээг хамарч, дотоод, гадаадын нийлүүлэгчид, зээлдүүлэгчдэд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй дотоодын цемент болон барилгын зах зээл хямралд өртөөд байна. Түүнчлэн Ц.Гарамжавыг богино хугацаагаар хорьсон нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн хэмжээний бизнес, хөрөнгө оруулалтын зөвлөгөөнүүд дээр унагаасан явдал болсон.
Шударга ёс, хуулийг дээдлэн хэрэгжүүлэх явдлыг хангах үүднээс “Монполимет Групп” ХХК-д авсан арга хэмжээг холбогдох байгууллагаар нэн даруй дахин шалгуулж өгөх хүсэлтийг АмЧам Монголоос гаргасан байна. Тус байгууллага нь Монгол улс болон АНУ-ын хооронд бизнесийн таатай орчин бүрдүүлэх, эдийн засгийн харилцаа холбоог бэхжүүлэхийн төлөө тууштай ажилласаар байхаа илэрхийлэв.