“Энэ зүйл болохгүй байна” гэж хэлэх үедээ би гадаад ертөнцөөс шалтгаан хайдаг байлаа. Харин гадаад ертөнцөөс, магадгүй бүр өөрөөсөө ч хамаарах бүхнийг төгс болгосон ч нэг л зүйл болохгүй байгааг анзаарсан мөчөөс өөрийнхөө дотогшоо өнгийж эхэлсэн юм. Миний хүмүүжил, сэтгэл зүйн өнцөг, хувь хүний өгөгдөлд асуудал байна уу… Хангалттай хичээсэн, бүр бүтэлтэй болох нь баталгаатай байхад… Хонх нь байвал дамар нь таг. Эсвэл би чадвартай ч хүсэлгүй байна уу гэх мэт асуултууд ар араасаа хөвөрсөн. Хувь хүний онцлог маань нэг зүйлийг барьж авбал төгс хийх гэдэг хэв маягтай л даа. Тэгэхээр энд өөр шалтгаан бий нь тодорхой. Харин би тэр шалтгаануудыг олж чадсан.
Бизнесийн төсөл танилцуулах хичээл дээр багш маань “Битгий бүх деталийг яриа, харин үр дүнг л танилцуул” гэж хэлэхэд би удаан бодсон. “Яагаад, надад итгэхгүй бол яана аа…, Яагаад итгэх ёстойг танилцуулах хэрэгтэй биш гэж үү” гэх мэт. Өнгөрсөн хугацаанд ч хүнтэй ажил ярихад гол юм аа биш, нэмэлт мэдээллүүдийг танилцуулаад сунжруулаад байгаагаа анзаарах үедээ дотоод хүн маань “Чимээгүй бай” гэж хэлсэн ч үргэлжлүүлээд байдаг зангаа хүчтэй анзаарчихсан байсан болохоор энэ надад шинэ нээлт ч биш. Харин ийм итгэл үнэмшил, хэв дадал хаанаас суучихсан билээ гэдгээ олоход өглөө оройны бясалгал маань надад үнэхээр бодит тус болсон гэж хэлж болно. Өнгөрсөн жилийн 12 сар бол миний хувьд орой бүр завилж сууж амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж, дараа нь хаанаас ч юм орж ирсэн дурсамждаа даруулан сөхөрч унахаараа элгээ тэвэрч уйлж байгаад тэндээ унтаад өгдөг байсан үе ч юм шиг.
Бясалгал хийхээр тайвширч амардаг гэвэл худлаа, тээр тэнд мартсан байсан дурсамж сэдрэхэд яг л тэр цаг хугацаанд оччихсон юм шиг хоолой зангирч, хөлс ялгарч, нулимс урсдаг ч үеүд байдаг. Харин энэ “Надад хүн итгэхгүй дээ, би ч хүнд итгэхгүй” гэсэн суурь итгэл үнэмшил минь хүүхэд байхдаа сэтгэл зүйн хүчирхийлэл, түүнээс авсан гэмтэлтэй шууд холбоотой байсан юм.
Би тэр үед бага ангийн сурагч байсан бөгөөд өглөө хичээлдээ явахад минь надаас “Чи тэгсэн үү” гэж асууснаар энэ бүхэн эхэлсэн. “Би тэгээгүй ээ, би тийм хэрэг тариагүй” гэж дахин, дахин хэлсэн ч хэргээ хүлээ гэж намайг харанхуй амбаарт оруулаад араас муур шидчихэж байв. Хүүхэд байхад яригддаг байсан аймшгийн түүхийн гол эзэнд муур багтдаг байсан тул би муураас айдаг, түүнийгээ ч дотны хүмүүс найзууддаа хэлдэг байсан. Тиймдээ ч, намайг муураас айдаг гэдгийг мэддэг хүн, тэр дундаа асран хамгаалах ёстой хамгийн чухал хүн тийм үйлдэл хийсэн нь илүү их гомдол, айдас төрүүлсэн …Тэгээд л хав харанхуй өрөөнд муурны хоёр нүд гялалзаж байснаас хойших үйл явдлыг би санадаггүй. Намайг өрөөнөөс гаргаж ирэхэд гөлийгөөд хөшчихсөн, бас өмдөндөө шээчихсэн байсан л гэсэн. Тэр үед би маш их ичиж байсан нь ойлгомжтой. Тиймээс л энэ явдлаас хойш өнөөдрийг хүртэл би муур харах бүрд л хамаг бие хөшчихсөн юм шиг болж, нүдэнд нулимс дүүрээд, бие чичирдэг байсан юм. Айдаг зүйлээ хүнд хэлэх нь, магадгүй хамгийн дотны хүмүүстээ хэлэх нь дараа нь миний эсрэг ашиглагддаг гэж би боддог тул гол зүйлсийг биш туслах мэдээллүүдийг л хүмүүстэй хуваалцдаг. Нэмээд “Үгүй ээ, Би тэгээгүй” гэж хэлэх нь надад итгэх хангалттай шалтгаан биш юм байна гэдэг сэтгэл зүйн гэмтэл тэр үед үүссэн нь хүмүүст төдийгүй өөртөө ч эргэлзэхэд хүргэсэн мэт. Харин би өглөө бүр “Одоо зүгээрээ, Би чамд итгэж байна” гэж хэлдэг болсон.
Сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэх хамгийн эхний алхам бол зөв тодорхойлох, тухайн асуудалтайгаа нүүр тулах. Ницшегийн хэлдгээр “Илэрхийлэгдээгүй сэтгэл хөдлөл хүний дотор булшлагддаг” гэдэгт би итгэдэг болсон. Би таагүй мэдрэмжийн авс биш шүү дээ. Тиймээс тэр сэтгэл хөдлөлийг бүтэн мэдэрч, өөрөөрөө нэвтрүүлэн гаргах нь эдгэрэх үндсэн арга юм. Тэр багаж нь миний хувьд бясалгал болсон.
Бясалгал хийнэ гэдэг зүгээр л завилаад суух мэт боловч… Гүнзгий төвлөрөл. Бууж өгөх. Өөрөөрөө нэвтрүүлэх гэсэн зарчимтай мэт. Би юу бодохоо, мэдрэхээ сонгохгүй бас хүлээхгүй. Бүрэн хоосорсон үед үлдэж байгаа бүхэн хамгийн үнэн байдаг.
Зарим таатай дурсамжийн дараа эрч хүч, баяр баясал төрдөг бол… таагүй дурсамжууд сэдрэхэд цөхөрдөг. Нэг л өдөр мууртай холбоотой дурсамж маань надад бүтэн орж ирэх үед би өөрийгөө өрөвдөж зөндөө уйлсан. Харин дараа нь тэр хүмүүсийг үзэн ядаж, буруутгасан. Харин бясалгалаа хийх тусам тэр л мөчдөө эргэн очихдоо тэс өөр сэтгэл хөдлөлийг мэдэрсэн бөгөөд “Ямар жаргалтай хүн хүүхдээ тэгж шийтгэх билээ дээ” гэж туйлын ихээр өрөвдсөн. Дахин дахин эргэцүүлэх тусам өөрчлөгдсөөр байгаа сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийн дараа энэ үйл явдал надад биш өөр хүнд тохиолдсон үйл явдал шиг санагдаж… Ямар ч сэтгэл хөдлөлөөр биш “Аан сэтгэлийн гэмтэл гэдэг нь энэ юм байна” гэдэг ганцхан дүгнэлтэд л хүрсэн.
Бясалгалын багшийн минь хэлсэн “Хэрвээ тэр асуудалтай нүүр тулахгүй л бол бүр хамаатан садан, найз нөхдөө авчраад чам дээр үүрлэчихдэг. Тиймээс зугтах хэрэггүй, тойрох ч хэрэггүй. Даваад л гар…” гэдэг зөвлөгөө одоо надад олон зүйлийг даван гарахад тусалж байгаа.
Одоо би муур харахаар л хайр хүрээд, чангаас чанга тэвэрч эрхлүүлмээр санагддаг болсон. Найзуудтайгаа энэ зун шоудаж байгаад өглөө өрвийсөн юм гэртээ сэрэхдээ хаанаас ч юм нэг гудамжны муур олоод тас тэвэрчихсэн, нөгөөх нь намайг долоочихсон байгааг харсан юм. Элгээ хөштөл инээхдээ, аяга сүү өгөөд… “Одоо найз минь мөрөө хөө дөө” гээд буцааж гаргаж тавихдаа “Одоо зүгээрээ, Би чамд итгэж байна” гэж тэр охинд хэлсэн. Хэн чамайг гэмтээсэн, хэзээ энэ бүхэн болсноос үл хамаарч эцэст нь сэтгэл бүхэн эдгэрэх болтугай. Шударга ёсны тэмцлийг би хиймээргүй байна. Бүгдээрээ өөр, өөрийн аз жаргалын мөрийг хөөвөл хорвоо өөрөө диваажин болно.