Монголын сонирхогчийн гольфын аварга шалгаруулах 20 дахь удаагийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ангилал 2024 оны наймдугаар сарын 1-4-ний өдрүүдэд, эмэгтэйчүүдийн ангилал 7-9-ний өдрүүдэд Маунт Богд гольфын талбайд амжилттай боллоо.
Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь дэлхийн сонирхогчийн гольфын чансаа тогтоох оноо олгох албан ёсны 4 дэх тэмцээн гэдгээрээ онцлогтой ба тэмцээнд түрүүлсэн болон шагналт байранд шалгарсан тамирчдад дэлхийн сонирхогчийн гольфын тамирчны чансааны оноо өгнө. Энэ оноогоороо олон улсын тэмцээнүүд, Азийн аварга шалгаруулах тэмцээн, цаашлаад Олимпын тэмцээнд ч оролцох боломж бүрдэж байгаа онцлогтойг Монголын Гольфын Холбооны Ерөнхийлөгч Б.Алтайбаатар хэлсэн юм.
Мөн энэ жилийн тэмцээний ач холбогдлын хувьд Монголын Гольфын холбоо нь олон улсын шүүгчийн сертификаттай хоёр шүүгчтэй болсон явдал юм. Аюурзанын Сарнай болон Гэрэлийн Хулан нар нь олон улсын стандарт зэрэгтэйгээр бие даан Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнээ шүүн явуулсан гэдгээрээ чухал ач холбогдолтой тэмцээн болсон билээ.
Эрэгтэйчүүдийн тэмцээнд БНСУ, ХБНГУ, Англи, Хонконг зэрэг улсын нийт 77 тамирчин оролцсоноос Ганцолмонгийн Мөнгөншагай түрүүлж Монгол улсын хошой аварга болоо. Харин 2-р байрт Дэлгэрмаагийн Өлзийдэлгэр, 3-р байрт Чинбатын Бат-Амгалан нар шалгарлаа. Хувийн амжилтаа хамгийн сайн ахиулсан буюу Хандикапын ангилалд Кёкшузан Даваагийн Батбаяр 1-р байрыг эзэлсэн бол, 2-р байрт Цэнджавын Төгөлдөр, 3-р байрт Батжаргалын Сүхбат орлоо. Хамгийн хол цохисон буюу ‘Longest Drive’ ангилалд Төмөржавын Бат-Эрдэнэ, нүхэндээ хамгийн ойр буулгасан буюу ‘Nearest to the pin’ төрөлд Амарбаясгалангийн Тамир нар шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн тэмцээнд нийт 25 тоглогч оролцсон ба энэ жилийн улсын аваргаар Гантөмөрийн Алтанбилэг тодорч, 2-р байрыг Хасарын Тэлмэн, 3-р байрыг Долгорсүрэнгийн Ичинноров тус тус эзэллээ. Харин хандикапын төрөлд 1-р байрт Балжиннямын Саранчимэг, 2-р байрт Гэрэлийн Хулан, 3-р байрт БНСУ-ын тамирчин Чой БюнСоок орж, хамгийн хол цохисон тамирчин Алтансүхийн Энэрэл, нүхэндээ хамгийн ойр буулгасан тамирчнаар залуу тамирчин Батдэлгэрийн Янжинлхам нар тус тус шалгарав.
Монголын гольфын спортын хөгжилд хувь нэмэр оруулж, ивээн тэтгэж, дэмждэг олон байгууллагууд бий. Тэдний нэг болох 143 жилийн түүхт АНУ-ын Sealy брэнд нь Монгол дахь салбарынхаа 10 жилийн ойг тохиолдуулан Пи Жэй Брос ХХК-ийн санаачилгаар энэ удаагийн гольфын улсын аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаа.
Тэртээ 1881 онд АНУ-д үүсгэн байгуулагдсан Sealy брэнд нь дэлхийн матрасс, ор, тавилгын салбарын тэргүүлэгч корпорац ба үйл ажиллагаа явуулж буй бүс нутаг бүртээ эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөн спортыг дэмжин ажилладаг, нурууны өвчинд хамгийн сайнаараа олон улсад танигдсан өндөр зэрэглэлийн брэнд бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчийн Цагаан Ордон–оос эхлээд дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн Дубай дахь 7-одтой Burj Al-Arab Jumeirah болон Four Seasons, Ritz-Carlton, St.Regis, Grand Hyatt, Sheraton, Marina Bay Sands зэрэг 5-одтой зочид буудлууд төдийгүй талын Монгол айлын эрхэмсэг хэрэглээ болж танигдсаар 10 жил болсон байна.
Монголчуудын хувьд эрүүл зөв унтаж нойрсох, өндөр чанартай матрасс ор хэрэглэхийн ач холбогдлыг маш сайн анхаарч ойлгодог болсон нь ойрын жилүүдэд ихээхэн харагдаж байгаа ба Sealy Mongolia нь Улаанбаатар хотод 3 салбар showroom дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.