Өчигдөр буюу Даваа гарагийн өглөө Умард Солонгос хоёр ширхэг баллистик пуужин туршсаны нэг нь амжилтгүй болсон юм.
Өглөөний 5:05, 5:15 цагуудад харвасан пуужингуудын эхнийх нь 600 км, хоёр дахь нь 120 км зай туулсныг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний ерөнхий штаб мэдээлжээ.
Яагаад зай нь ийм ялгаатай байгааг сэтгүүлчид асуухад зэвсэгт хүчний төлөөлөгч И Сун Жүн “Хоёр дахь пуужин нислэгийн эхний шатандаа хэвийн бус ажилласан байх магадлалтай. Хэрвээ үүний улмаас пуужин дэлбэрсэн бол хэлтэрхийнүүд нь эх газрын гүнд унасан байх магадлалтай юм” гэж тайлбарласан байна.
Пуужингуудыг Умард Солонгосын нутаг дэвсгэрийн баруун эргээс буюу Өмнөд Хванхэ мужийн Чангён-гун орчмоос зүүн хойд зүгт харважээ.
Энэ нь нийслэл Пёнянаас 130 км орчим зайтай газар юм.
Хэрвээ хоёр дахь пуужин зүүн хойд зүгт 120 км зай туулаад эх газрын гүнд дэлбэрсэн бол хэлтэрхийнүүд нь нийслэлийн ойр орчимд унасан байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин одоо пуужингийн туршилтын мэдээллийг нарийвчлан судалж байгаа ажээ.
Пёнян бол гурван сая гаруй оршин суугчидтай Умард Солонгосын хамгийн том хот юм.
Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын дэглэм дунд болон алсын тусгалын нэг пуужинд олон цэнэгт хошуу тээвэрлэх чухал туршилтыг амжилттай гүйцэтгэснээ зарлаж байв.
Гэхдээ Өмнөд Солонгосын тал сүүлд үүнийг “худал мэдэгдэл” гэж няцаасан юм.
Даваа гарагийн туршилтынхаа талаар Пёняны дэглэм ямар нэг мэдээлэл цацаагүй байна.
1953 онд дууссан дайны дараа Солонгосын хойг хоёр хуваагдаж, Өмнөд ба Умард Солонгос улсууд өнөөдрийг хүртэл дайны нөхцөлд байдалд оршдог.
Сүүлийн жилүүдэд талуудын сөргөлдөөн эрчимжиж, Умард Солонгосын эрх баригчид ОХУ-тай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бол Өмнөд Солонгос улс Япон, АНУ зэрэг холбоотнуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна.
Эх сурвалж: CNN