Өнөөдөр өдрийн 14:22 цагийн байдлаар зүүн өмнөөс хойш чиглэлтэйгээр аадар борооны үүл Нийслэл хот руу өгсөж байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Хөгшин Орхон, өврийн Онги, Байдраг, Шар ус, Яруу, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Алтай нуруунаас эхтэй Буянт, Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, Буянт, Ховд, Хөгшин Орхон, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэсэн байгаа аж.
Маргааш:
- Чулуут гол Өндөрхаан сум орчимд усны түвшин 10 см,
- Онги гол Арвайхээр орчимд 5 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Ойрын өдрүүдэд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээр дурдсан голуудын усны түвшин улам нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
- Мөн түүнчлэн голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх,
- бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах,
- гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх,
- хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтсээс зөвлөлөө.