Японы томоохон барилгын компани Sekisui House бараг бэлэн болоод байсан орон сууцны барилгаа ойр орчмын оршин суугчдын гомдлын улмаас нураахаар болсныг өчигдөр мэдэгджээ.
Токио хотын баруун талд оршдог Кунитачи дагуул хотод баригдсан 10 давхар 18 айлын орон сууц Фүжи уулыг халхалсан тул тухайн бүсэд амьдардаг иргэд гомдол гаргасан юм байна.
Уг нь Sekisui House иргэдтэй тохиролцсоны үндсэн дээр барилгын анхны зураг төсөв 11 давхар байсныг 10 болгож, давхар тус бүрийн өндрийг бууруулж байжээ.
Гэсэн хэдий ч эцсийн гүйцэтгэл иргэдийн сэтгэлд хүрээгүй тул худалдан авагчид нь нүүж ороход хэдэн долоо хоног үлдээд байсан барилгаа нураах ховор шийдвэр гаргасан байна.
“Бид байгалийн үзэмжийг үнэлдэг орон нутгийн соёлыг мэдэж байсан ч үүнд зохих ёсоор хүндэтгэлтэй хандаж чадсангүй. Тиймээс бид захиалагчдаасаа уучлал гуйж байна” гэж Sekisui House компанийн төлөөлөгч мэдэгдээд дахин ийм алдаа гаргахгүйн төлөө хичээж ажиллахаа амлажээ.
Энэхүү орон сууцны барилгын ажил 2023 оны нэгдүгээр сард эхэлсэн юм.
Барилгын ихэнх байр 70 саяас ($445,319) 80 сая иений хооронд үнээр зарагдаад байжээ.
Нураах шийдвэрээ Sekisui House компани өнөөдөр буюу Мягмар гарагт Кунитачи хотын захиргаанд танилцуулахаар болсон байна.
Тус компани барилга босгосон болон нураах зардлыг өөрийн онцгой хохирол гэж үзэхээ мэдэгджээ.
Эх сурвалж: Kyodo News