Сарны дэлхий рүү хардаггүй алслагдсан хэсгээс чулуулгийн дээж амжилттай цуглуулсан хөлөг нь буцах замдаа гарсныг Хятадын сансар судлалын байгууллага мэдээлжээ.

Chang’e-6 хөлгийн дээж цуглуулагч модуль Бээжингийн цагаар Мягмар гарагийн 7:38 цагийн үед сарны гадаргаас хөөрч, дэлхий рүү буцах замдаа орсныг тус улсын төв телевиз мэдээлсэн байна.

Уг робот модуль Ням гарагт сарны өмнөд туйлд байдаг аварга том тогоонд газардсан юм.

Хятад улс одоогоор сарны цаад талд хөлгөө буулгасан дэлхийн цорын ганц улс хэвээр байгаа. 2019 онд эхний удаа энд судалгааны станцаа буулгасан бол сая хоёр дахь удаагаа дээж цуглуулах модулийг буулгасан юм.

Модулийн газардсан болон буцаж хөөрсөн үйл явдлыг Хятадын Сансар Судлалын Үндэсний Захиргаа “хүн төрөлхтний сарны судалгаанд урьд өмнө гараагүй үзэгдэл” гэж тодорхойлжээ.

Сарны дэлхий рүү хардаггүй цаад талд хөлөг буулгахад маш хэцүү гэдэг.

Хятадын судлаачид тэнд байгаа станцтайгаа холбоо тогтоохдоо сарны тойрог замд байрласан релэй хиймэл дагуул ашигладаг юм.

Хятадын хөлөг сарны энэ хэсгийн хөрс, чулуулгийн дээжийг дэлхийд анх удаа авчирвал энэ нь судалгааны маш чухал материал болох ажээ.

Өмнө нь АНУ болон Хятадын хөлгүүд сарны нүүрэн талаас дээж авчирч байсан ч энэ удаагийн дээж бүтэц найрлагын хувьд тэс өөр байх ёстой гэж судлаачид үзэж байна.

Газардагч модуль сарны гадаргаас дээж цуглуулж дууссаныхаа дараа робот гартаа Хятадын төрийн далбааг бариад даллаж буйг харуулсан дүрс бичлэгийг тус улсын төв телевиз үзүүлжээ.

2 кг орчим сарны дээжийг агуулсан капсул энэ сарын 25-ны өдөр Өвөр Монголын нутагт газардах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Дээж цуглуулсан Айткений сав газар нь сарны төдийгүй нарны аймгийн одоогоор мэдэгдэж буй хамгийн том тогоо юм.

Солирын мөргөлтөөс үүссэн энэ тогоонд сарны цөмөөс ил гарсан маш эртний чулуулаг байдаг гэж эрдэмтэд үздэг.

Тиймээс нарны аймгийн үүсэл хөгжлийг судлахад чухал материал болох юм.

Авчирсан дээжээ эхлээд Хятадын эрдэмтэд судлах бөгөөд дараа нь дэлхийн бусад улсуудын судлаачидтай хуваалцах гэнэ.

Хятадын Chang’e-5 хөлөг 2020 онд сарны нүүрэн хэсгээс 1.7 кг орчим дээж авчирч байв.

Үүнээс өмнө зөвхөн АНУ-ын Apollo хөлөг ийм дээжийг дэлхийд авчирч байжээ.

2019 онд Chang’e-4 хөлөг сарны цаад талд бууснаар Хятад улс дэлхийд анхдагч болсон юм. Тус улс одоо 2030 оны орчимд анхны сансрын нисгэгчээ саран дээр буулгахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: BBC

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн