Украины арми тусламжаар илгээсэн зэвсгээр нь ОХУ-ын нутаг дэвсгэрт орших байд довтлохыг АНУ-ын засаг захиргаа хориглосоор ирсэн билээ.
Тэгвэл Пүрэв гарагт ерөнхийлөгч Жо Байден энэ хоригоо хэсэгчлэн цуцалж, Харьков хот руу довтолж буй ОХУ-ын нутаг дахь цэргийн байгууламжуудад цохилт өгөхийг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ.
Гэхдээ алсын тусгалын пуужингийн систем ATACMS-ийг ОХУ-ын нутаг дэвсгэрт ашиглахыг хориглосон хэвээр байгааг Цагаан ордны эх сурвалж баталсан байна.
Үүнээс өмнө Британи, Нидерланд зэрэг Европын орнуудын эрх баригчид өөрийнх нь илгээсэн зэвсгийг ОХУ-ын нутаг дэвсгэрт ашиглахыг Украины талд зөвшөөрөөд байсан юм.
Өнөөдөр эхлэх НАТО-гийн чуулганы өмнө тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг гишүүн орнууддаа Украины өөрийгөө хамгаалах боломжийг нэмэгдүүлэхийн тулд хоригоо эргэж харахыг удаа дараа уриалж байв
Мягмар гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хязгаарлалтаа цуцлах бодолтой байгааг илэрхийлсэн. Харин түүнтэй хамт мэдэгдэл хийсэн Германы канцлер Олаф Шольц уг асуудалд арай эргэлзэнгүй байр сууринаас хандаж, зэвсгийг нь ашиглахдаа Украины тал зөвхөн хууль дүрмийн хүрээнд ажиллах ёстойг анхааруулсан юм.
Ойрын өдрүүдэд Европт болох хэд хэдэн чухал арга хэмжээний үеэр Украины холбоотнуудад зэвсгийн хязгаарлалтаа сулруулах шахалт ирэх төлөвтэй байна.
Зургаадугаар сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден дэлхийн хоёрдугаар дайны үеэр холбоотнуудын цэрэг Францын нутагт газардсан түүхэн үйл явдлын ойд оролцох ба Украины ерөнхийлөгч Володимир Зеленский үүнд бас оролцоно.
Дараа нь Байден дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын бүлэг “Их Долоо”-гийн дээд чуулганд оролцохоор Италид айлчлах юм.
Эх сурвалж: AFP