Япон улсын үндэсний цагдаагийн байгууллага өчигдөр буюу Даваа гарагт 2023 оны турш өөрийнх нь цуглуулсан иргэдийн хаяж гээсэн эд зүйлсийн талаар статистик мэдээллийг танилцуулжээ.
Өнгөрсөн онд тус улсын иргэд бэлэн мөнгийг оролцуулалгүйгээр 29.79 сая эд зүйлс гээсэн нь албан ёсны бүртгэл эхэлсэн 1971 оноос хойших хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Үүнд электроник төхөөрөмжүүд гээгдэхэд амархан буюу улам бүр жижиг авсаархан болсон, цар тахлын дараа хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж цагдаагийн байгууллага дүгнэжээ.
2023 онд өмнөх оноосоо 3.15 сая эд зүйлс илүү хаягдаж гээгдсэн байна.
Бэлэн мөнгөний хувьд мөн л бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, иргэд нийтдээ 22.85 тэрбум иен ($145 сая) гээсэн нь өмнөх оноосоо 1.7 тэрбум иенээр өссөн үзүүлэлт болжээ.
Цар тахлын өмнөх жилүүдэд иргэдийн хаяж гээсэн эд зүйлсийн тоо байнга нэмэгдэж байсан бөгөөд 2019 онд 29.75 саяд хүрч байсан гэнэ.
Сүүлийн үед иргэд утасгүй чихэвч, гар утасны батарей, электрон тамхи зэрэг жижиг овор хэмжээтэй эд зүйлсээ ихээр хаяж гээх болжээ.
Мөн бэлэн бус төлбөр тооцоо нэмэгдсэн нь иргэдийг хэтэвчиндээ хэрэг болдоггүй бэлэн мөнгө удаан хадгалж явдаг болсноос хаях гээх нь нэмэгдсэн байж болзошгүй гэж цагдаагийн мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
Японы хуулиар гар утас зэрэг хувийн мэдээлэл агуулснаас бусад эд зүйлс, бэлэн мөнгийг гурван сарын дотор эзэн нь олдохгүй бол олсон хүн авах эрхтэй байдаг.
Хэрвээ олсон хүн энэ эрхээ эдлэхгүй бол тухайн орон нутгийн засаг захиргааны өмч болдог ажээ.
2022 онд иргэдийн гээсэн 3.41 тэрбум иен ийм шалтгаанаар орон нутгийн орлого болж байсан гэнэ.
Үүнээс гадна 2023 онд 12,722 нохой, 4,382 муур, 8,431 шувуу зэрэг тэжээвэр амьтад олдсон нь өмнөх жилүүдтэй ойролцоо түвшинд байжээ.
Эзнийг нь олох хүртэл түр саатуулахад тэжээх, арчлах зардал гардаг тул тэжээвэр амьтдадаа хариуцлагатай хандахыг цагдаагийн байгууллага иргэдэд уриалсан байна.
Эх сурвалж: Kyodo News