Ням гарагт Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси, гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдуллахян нар нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн билээ.
Энэхүү ослын дараа Ираны эрх баригчид АНУ-аас техникийн тусламж хүссэн ч татгалзсан хариу авсан байна.
АНУ, Израилийг эвлэршгүй дайснаа гэж үздэг Иран улс ийм ховор хүсэлт ирүүлснийг Даваа гарагт төрийн департамент сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Ираны засгийн газар биднээс тусламж хүссэн. Ийм нөхцөл байдлын үед аль ч улсын засгийн газарт туслахад бэлэн байдгаа бид тэдэнд тодорхой ойлгуулсан. Гэхдээ ложистикийн шалтгааны улмаас энэ удаа тусламж үзүүлэх боломжгүй байгаагаа мэдэгдлээ” гэж төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.
Ираны ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд, нисгэгчид, бусад зургаан хүнийг тээвэрлэж явсан нисдэг тэрэгний үлдэгдлийг аврагчид Даваа гарагийн өглөө олсон юм.
Тэдний оршуулах ёслолыг Лхагва гарагт Тегеран хотод зохион байгуулахаар болсныг Ираны засгийн газрын төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.
Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хамени үүнээс өмнө таван өдрийн гашуудал зарласан юм.
Одоогоор Тегераны эрх баригчид АНУ-д үйлдвэрлэгдсэн Bell-212 нисдэг тэрэг ямар шалтгаанаар Азербайжаны хилийн ойролцоох уулархаг нутагт осолдсон талаар огт ам нээгээгүй байна.
Осолд АНУ-ыг буруутгахаас болгоомжилж байгаа эсэхийг сэтгүүлчид асуухад батлан хамгаалахын сайд Ллоид Остин “Нэгдсэн Улс энэхүү осолд ямар ч хамаагүй. Ослын шалтгаан юу байж болох талаар надад ямар ч таамаг алга” гэж хариулжээ.
Нисдэг тэрэгний осол Иран улсад улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон хямрал тохиосон цаг үетэй давхцаж байна.
Мөн Тегераны эрх баригчид Ойрх Дорнодын орнуудад зэвсэгт мөргөлдөөн дэгдээж, цөмийн зэвсгийн хөтөлбөр нь олон улсын дарамт шахалттай тулгарч, Украинд дайн өдөөсөн Орос улстай цэрэг, зэвсгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн цаг үетэй давхцаж байгаа юм.
Ерөнхийлөгч Райсигийн үхэл Ойрх Дорнодын аюулгүй байдалд ямар нөлөө үзүүлэх талаар асуухад Остин “Одоохондоо энэ үйл явдал бүс нутгийн аюулгүй байдалд өргөн хүрээтэй нөлөө үзүүлэхгүй гэж би бодож байна” хэмээн хариулжээ.
Ираны үндсэн хуулийн дагуу 50 өдрийн дотор шинэ ерөнхийлөгчийг сонгох ёстой байдаг. Энэхүү шилжилтийн үед аюулгүй байдлаа эрсдэлд оруулахгүй байх нь Тегераны эрх баригчдын гол зорилт болж байна.
Эх сурвалж: Reuters