2023 оны арваннэгдүгээр сард эхнэр Салтанат Нукеновагийн амийг зэрлэгээр бүрэлгэсэн Казахстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт өчигдөр шүүх 24 жилийн хорих ял оноожээ.
Бишимбаевын үеэл Бахытжан Байжановт хэргийг нуун дарагдуулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял оноосныг Астана хотын дүүрэг дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Айжан Колбаева өчигдөр танилцуулсан байна.
Бишимбаев, Байжанов нарт ялыг давж заалдах 15 хоногийн хугацаа өгчээ.
Хохирогчийн аав Амангелди Нукенов шүүхийн шийдвэрийг гарахаас өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа “бүх насаар хорих ялаас өөр ямар ч шийтгэлийг бид шударга бус гэж үзнэ” хэмээн мэдэгдэж байв.
Бусдыг тамлан зовоосон, онц харгис хэрцгий аргаар хүний амь хөнөөсөн, удаа дараа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэжээ.
Шүүх шийдвэрээ танилцуулах үеэр 44 настай Бишимбаев ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлээгүй бөгөөд дараа нь шүүгчээс асуух асуулт байхгүй гэж мэдэгдсэн байна.
Харин Байжанов шийдвэрийг нэлээд цочирдон хүлээж авч, гэмт буруугүй хүнийг шийтгэсэнд харамсаж байгаагаа илэрхийлж байжээ.
Шүүхийн шийдвэр гарсны дараа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Feminita байгууллага Казахстаны хамгийн том хот Алматы хотын төвд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Бишимбаевт илүү хатуу шийтгэл оноохыг уриалсан байна.
Тус байгууллагын идэвхтэн Жанар Секербаева “Бид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Бишимбаев бүх насаараа шоронд хоригдох ёстой. Тэр хугацаанаасаа эрт суллагдах бүх аргыг ашиглах нь тодорхой. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэхийг бүх хүмүүст уриалж байна” гэж ярьжээ.
Шүүх хурлын үйл явцыг онлайн орчинд шууд дамжуулж, Казахстаны хэдэн сая иргэн үзсэн байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Бишимбаев хамаатныхаа эзэмшлийн ресторанд 31 настай эхнэрээ хэдэн цагийн турш хэрцгийгээр зодсоны дараа баривчлагдаж байв.
Сүүлд Нукеновагийн цогцос тус ресторанаас олдсон юм.
Рестораны хяналтын камерт экс сайд эхнэрээ олон удаа цохиж, өшиглөж, үснээс нь чирч байгаа дүрс бичигдсэн байжээ.
Уг хэрэг Казахстаны нийгмийг цочроож, гэр бүлийн хүчирхийллийн асуудалд олны анхаарлыг хандуулсан юм.
Нэг судалгаагаар тус улсын зургаан эмэгтэй тутмын нэг ямар нэг байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг нь тогтоогдож байв. Казахстанд одоогоор гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдоггүй.
Нукеновагийн үхлийн дараа Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев уг хэргийн мөрдөн байцаалтын үйл явцад онцгой анхаарал хандуулж ажиллахыг дотоод хэргийн сайддаа үүрэг болгож байв.
Бишимбаев нь 2016 оны тавдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл хугацаанд Казахстаны эдийн засгийн сайдаар ажиллаж байжээ.
Өмнө нь тэр бас төрийн байгууллагуудад өндөр албан тушаалууд хашиж байсан юм.
2018 онд Бишимбаев болон өөр 22 хүн төрийн өмчийн компанийн хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт шийтгүүлж байжээ.
Тухайн үед Астанагийн шүүх түүнд 10 жилийн хорих ял оноосон ч 18 сарын дараа өршөөлөөр суллагдсан байна.
Казахстаны дотоод хэргийн яам тус улсад жил бүр 100,000 гаруй гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгддэг гэсэн тоо баримт гаргасан байдаг.
Гэхдээ бодит тоо үүнээс хавьгүй өндөр гэж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид үздэг байна.
НҮБ-ын хүйсийн тэгш эрхийг хамгаалах байгууллага Казахстанд жил бүр 400 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алддаг гэсэн тоо гаргажээ.
Эх сурвалж: Radio Free Europe