Дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гэйтсийн гэргий асан Мелинда 20 гаруй жилийн өмнө хамтран байгуулсан Bill & Melinda Gates Foundation сангаас хөрөнгө салган тусгаарлаж байгаагаа өчигдөр зарлажээ.
Тэрбээр $12.5 тэрбумын хөрөнгө салгаж, эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих өөрийн сайн үйлсийн санг бие даан ажиллуулахаар болсон байна.
Тэд 27 жил хамт амьдарсны эцэст 2021 онд гэр бүлээ салгаж байжээ.
Гэхдээ тухайн үед Билл, Мелинда нар хамтарсан сангийнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаа мэдэгдэж байв.
Мелиндаг салсны дараа сангийн нэр Gates Foundation болон өөрчлөгдөж, Билл Гэйтс дангаараа удирдах юм байна.
Bill & Melinda Gates Foundation бол үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дэлхий нийтийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, ядуурлыг бууруулахад $75 тэрбум гаруйг зарцуулсан нөлөө бүхий байгууллага юм.
1994-2018 оны хугацаанд Билл, Мелинда нар хувийн хөрөнгөөсөө $59.5 тэрбумыг уг санд хандивлаж байжээ.
Мелиндагийн үүсгэн байгуулсан сандаа ажиллах хугацаа зургаадугаар сарын 7-ны өдрөөр дуусах юм байна.
“Мелиндаг явж буйд харамсаж байгаа ч цаашдын сайн үйлсийн ажлаараа тэр ихийг хийж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж Билл Гэйтс сошиал хуудсандаа бичжээ.
Мелинда Гэйтсийн хувийн хөрөнгийн хэмжээг Форбс сэтгүүл $11.3 тэрбум гэж тооцоолсон байдаг.
Эх сурвалж: Reuters