Тав дахь удаагаа бүрэн эрхийн хугацаагаа сунгасан ОХУ-ын ерөнхийлөгч Путин тавдугаар сарын 7-ны өдөр тангарагаа өргөсөн. Ерөнхийлөгч тангараг өргөхтэй зэрэгцээд засгийн газрын шинэ бүрэлдэхүүн хэн байх бол гэсэн таамаг үргэлжилж байна. Путин ерөнхий сайдаар Михаил Мишустиныг дахин томилсон билээ.
Тэгвэл Путин Батлан хамгаалахын сайдаар гэнэтийн шинэ томилгоо санал болгожээ. Тэрбээр ОХУ-ын ерөнхий сайдын орлогчоор 2020 оны нэгдүгээр сараас хойш ажилласан Андрей Белоусовыг Батлан хамгаалахын сайдаар томилсон байна. Андрей Белоусов нь эдийн засагч мэргэжилтэй. Дайны талбараас илүүтэй эдийн засгийн чиглэлийн албан тушаалтныг Батлан хамгаалахын сайдаар томилсон нь анхаарал татаж байна.
Батлан хамгаалахын сайдын шинэ томилгооны талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэл өгөхдөө “ОХУ 1980-аад оны дундуур цэрэг, хууль сахиулах байгууллагууд улсын зардлын 7.4 хувийг бүрдүүлдэг байсан ЗХУ шиг нөхцөл байдалд өдгөө ойртож байна. Тиймээс энэ өөрчлөлт нь утга учиртай юм” гэжээ.
Харин 2012 оноос хойш Батлан хамгаалахын сайдаар ажилласан Сергей Шойгуг Николай Патрушевийн оронд Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилох болжээ. Батлан хамгаалахын салбарын энэхүү томилгоо нь Орос, Украины дайн эхэлснээс хойш цэргийн командлалд хийсэн хамгийн том өөрчлөлт болов. Шойгугийн албан тушаал өөрчлөгдсөн ч гэлээ техникийн хувьд салбарынхаа ахлах албан тушаалтан хэвээр үлдэх юм.
ОХУ-ын Жанжин штабын дарга Валерий Герасимов, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар албан тушаалдаа хэвээрээ үлдэж байна.
Эх сурвалж: USA TODAY