БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт Европын гурван орноор хийх албан ёсны айлчлалаа эхлэх гэж байна.
Тэрбээр таван жилийн дараа Европ тивд хөл тавихдаа Франц, Унгар, Серби улсуудад саатах юм.
Гэхдээ энэ удаа талуудын хооронд худалдааны дайны эрсдэл нэмэгдсэн, Бээжингээс явуулсан тагнуулын үйл ажиллагаатай холбоотой дуулианууд дараалан дэгдсэн, Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийллийг дэмжиж буй зэрэг асуудлуудын улмаас Хятад-Европын Холбооны харилцаа муудсан цаг үед энэхүү айлчлал тохиож байна.
Ши Жиньпиний эхний зогсоол Парис байх юм. Өнөөдөр буюу Даваа гарагт тэр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нартай уулзана.
Европын эрх баригчид одоо Хятадын бараа бүтээгдэхүүнүүд, тэр дундаа цахилгаан автомашин Бээжингээс өгсөн татаасын үр дүнд хэт хямд үнэтэй зах зээлд нь нийлүүлэгдэж буй асуудлыг мөрдөн шалгаж байгаа.
Ши Жиньпиний гол зорилго нь уг асуудлыг шийдвэрлэж, хоёр талын харилцааг тогтворжуулах гэж ажиглагчид үзэж байна.
“Төрийн өндөр татаасын үр дүнд зохиомлоор хэт хямд үнэтэй болсон цахилгаан автомашинууд зах зээлд их хэмжээгээр нийлүүлэгдэж байна” гэж Урсула фон дер Ляйен өнгөрсөн оны есдүгээр сард шалгалтыг эхлүүлэхдээ мэдэгдэж байсан юм.
Ингэхдээ тэр тодорхой улсын нэр хэлээгүй ч Хятадад чиглэсэн нь тодорхой байлаа. Бээжингийн эрх баригчид уг шалгалтыг шударга бус, улс төрийн зорилготой хэмээн шүүмжилж байв.
Өнгөрсөн долоо хоногт Европын Комиссын худалдааны асуудал хариуцсан тэргүүн Хятад дахь үйлдвэрүүдэд шалгалт оруулсны дараа буюу зургаадугаар сард тус улсын цахилгаан автомашинуудад импортын тариф тогтоож болзошгүй болсныг мэдэгдсэн юм. Хэрвээ ингэвэл Хятадын гадаад худалдаанд том цохилт болно.
Ши, Макрон, фон дер Ляйен нар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Бээжинд хамгийн сүүлд уулзаж байжээ.
Энэ удаагийн уулзалтаар Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийллийг дэмжихээ зогсоохыг Европын удирдагчид Ши Жиньпинээс үргэлжлүүлэн шахах нь тодорхой байгаа.
Ши Жиньпин энэ удаагийн айлчлалаараа Европ дахь өөрийн хамгийн ойрын түнш болоод буй Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбантай уулзана.
Хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа.
Хоёрдугаар сард Хятадын талаас хууль сахиулах салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх саналыг Унгарт тавьсан нь Европын бусад улсуудын эрх баригчдын санааг зовоож байна.
Одоо Хуавэй компанийн Хятадын гаднах хамгийн том салбар Унгарт нээгдээд байгаа бол удахгүй автомашины BYD компанийн Европ дахь анхны үйлдвэр бас Унгарт нээгдэх гэж байгаа.
Хятадын хөрөнгө оруулалтын хариуд Орбан олон улсын арга хэмжээнүүд дээр Хятадыг тууштай дэмжиж, Хятадын хүний эрхийн нөхцөл байдлыг шүүмжилсэн Европын Холбооны арга хэмжээнүүдийг хэд хэдэн удаа эсэргүүцэж байв.
Ши Жиньпиний энэ удаагийн айлчлалын сүүлчийн зогсоол Сербийн нийслэл Белград байх юм.
Айлчлал нь Белград дахь БНХАУ-ын элчин сайдын яамны байр АНУ-ын армийн бөмбөгдөлтөд өртсөн үйл явдлын 25 жилийн ойтой ойролцоо цаг үед тохиож байна.
Энэ үеэр Хятадын гурван сэтгүүлч амь үрэгдэж байжээ. Үүний улмаас НАТО-д хандах Хятадын хандлага эрс муудсан гэдэг.
Белградад хийх Ши Жиньпиний айлчлал стратегийн ач холбогдлоороо Парис, Будапештийг гүйцэхгүй ч АНУ-ын түрэмгий ааш авирыг тэвчихгүйгээ батлан харуулах бэлгэдлийн ач холбогдолтой гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: The Guardian