ТҮК-ийн ажилтнуудын хогийн шүүрийг том тоос сорогчоор солино гэж хотын дарга мэдээлээд буй. Цэвэрлэгээний уг төхөөрөмж ирж, өнөөдөр хуваарилжээ.
Авто замын хөвөө, явган хүний зам, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн зэргийг цэвэрлэхэд ашиглах эхний ээлжийн 20 ширхэг төхөөрөмжийг УСУГ, ГУББ, Хот Тохижилтын газар, ОСНААУГ, ХИХУГ зэрэг байгууллагад хүлээлгэн өгчээ.
Тус төхөөрөмж нь Турк улсад үйлдвэрлэгдсэн, 240 литрийн багтаамжтай хог хуримтлуулагч савтай, 7 км/цагийн хурдтай, нэг цэнэглэлтээр 6-8 цаг ажиллах хүчин чадалтай бөгөөд орчныг бохирдол үүсгэлгүйгээр цэвэрлэх юм байна. Нийт 53 ширхгийг захиалснаас 20 нь иржээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Хотын гудамж талбайн цэвэрлэгээний ажилд шинэ техник төхөөрөмжийг нэвтрүүлэхийн төлөө бид тодорхой ажлыг төлөвлөн ажиллаж байна.
Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилтан албан хаагчид дэрсэн шүүрээр хотоо цэвэрлээд олон жил болжээ. Бид үүнийг халах цаг болсон. Тэгвэл өнөөдөр нийтийн аж ахуйн чиглэлийн байгууллагуудад машин, техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна.
Турк улсад үйлдвэрлэсэн нийт 53 ширхэг төхөөрөмжийг хүлээн авахаас өнөөдөр эхний 20 ширхгийг холбогдох газруудад хүлээлгэн өглөө” гэв.
Мөн “АОДЭ” ХХК-аас “Howo” брэндийн өөрөө буулгагч 12 ширхэг автомашиныг НЗДТГ-т хүлээлгэн өгчээ. “Синотрак” үйлдвэрийн 2024 онд үйлдвэрлэсэн уг автомашин нь Евро-5 стандарт бөгөөд 400 морины хүчин чадалтай байна.