Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан газрын тосны салбарт хайгуул хийх хөрөнгө оруулагчид татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн нь олны анхаарлыг татаад байна.
Учир нь, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудалд хамаарах төслийг Түгжрэлийн асуудал хариуцсан сайд өргөн барьсан нь эрх ашигтай нь холбоотой байв уу, эсвэл сайд Ж.Ганбаатар хөдлөхгүй болохоор Засгийн газрын даалгавраар өмнөөс нь төсөл мэдүүлэв үү гээд олон хардлага дагуулж байна.
Засгийн газрын хувьд наанаа хөрөнгө оруулалтыг татаж, Монголыг хөгжүүлнэ гэж ярих ч хувийн хэвшлийнхээ бизнесийг дээрэмдэж, төрд авах үзэгдэл гаарсан. Буу шийдэм агсаж очоод уул уурхайн ордыг авдаг байсан бол одоо хуулийн төсөл УИХ-аар батлуулаад л шууд хувь эзэмшлээс нь “тонодог” болсон. Түүнийгээ шударга ёс ялж байна гэж гоёор тайлбарлана. Түүнээс нь ч болдог уу, гадаадын хөрөнгө оруулалт Монголд орж ирэхгүй болсон. Байгаа хэд нь үйл ажиллагаагаа зогсоох нь зогсоож, зарим нэг нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй болсон. Түүний ур урхаг нь газрын тосны салбарт олборлолт явуулж байгаа компаниудад ч тусах болсон тухай дуулдаж буй. Гэхдээ Монголын сайд нарт нэгийг нь залхааж байгаад нөгөөг нь оруулж ирж давуу эрх эдлүүлэх, аль эсвэл хамтран бизнес эрхэлж хувь хүртэх зэргээр хөлжиж ирсэн. Иймээс Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайханы өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хардлага дагуулж буйг буруутгах аргагүй.
Уг нь Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайханд Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх хоолойд тулсан их ажил байгаа ч хамаагүй бололтой.