Электрон тамхи тойрсон элдэв маргаан манай улсад сүүлийн үед ихэд эрчимжих төлөвтэй. Засгийн газраас “Тамхины хяналтын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай” хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барих гэж байгаа нь энэ төрлийн бизнес эрхлэгчид хамааралтайгаас гадна шинэ, сонин зүйлд шохоорхон дурладаг хүүхэд, залуусын элдэв төрлийн тамхин бүтээгдэхүүн хэрэглэх саваагүйдэл, хорт зуршилд багагүй нөлөө үүсгэх нь дамжиггүй юм.
Электрон тамхин бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаггүй, бидний хэрэглээд заншчихсан утаат янжуурын ямар ч хоргүй хувилбар хэмээн биднийг ятган сэнхрүүлэх оролдлогыг чамгүй ихээр хийж ирлээ. Үйлдвэрлэгч компаниудын шинээр бүтээж буй тамхины хэрэгслүүд хүний бие махбодод учруулах хор уршиг бага, тэдгээрийг ямар ч аюулгүй хэмээн зарлан тунхаглаж байгаа явдал нь зүгээр л энгийн нэгэн маркетингийн нүүдэл гэдгийг нотлохоор улайрах болжээ. Тэдний энэхүү айхавтар тэмцэлдээн, цахилгаан тамхин бүтээгдэхүүнийг ердийн янжуур тамхитай адилтгаж үзнэ гэсэн хуулийн шинэ заалт орж ирэх магадлалтай тул улам эрчимжлээ.
Тийм учраас бид Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс гаргасан мэдэгдлийг дахин дахин сануулж байх нь чухал. Тэрхүү мэдэгдэлд: “Электрон тамхи хэрэглэснээр нь тамхинаас гарах үр дүнтэй арга зам болдог гэдэг ойлголт батлагдаагүй. Үүний зэрэгцээ, электрон тамхины хэрэглээнээс эрүүл мэндээрээ хохирсон тоо баримтууд нэмэгдсээр байна. Электрон тамхины худалдаа чөлөөтэй, залуучуудын дунд эрчимтэйгээр тархаж байна. Одоогоор энэ хортой бүтээгдэхүүнийг дэлхийн 34 улсад л худалдахыг хориглосон байна.”
ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Тедрос Адханом Гебрейюс хэлэхдээ: “Бага насны хүүхдүүд электрон тамхи хэрэглэснээр хорт зуршилтай болж никотинд донтох эрсдэл нэмэгддэг. Иймд ялангуяа хүүхэд, өсвөр насныхныг хамгаалах, электрон тамхины тархалтаас сэргийлэх эрс шийдэмгий арга хэмжээ авахыг улс орнуудад уриалж байна” гэжээ.
“Урт хугацаанд электрон тамхи нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг иж бүрэн судалгаа байхгүй, хорт бодис ялгаруулж хорт хавдар үүсгэдэг, зүрх судас, уушгины өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тогтоогдсон. Өсвөр насныхны хувьд тамхи татсанаар уураг тархины хөгжил саарч суралцах чадваргүй болдог. Жирэмсэн эхчүүдийн ургийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн электрон тамхинаас ялгарах хорт бодис нь эргэн тойронд аюул бий болгодог. Электрон тамхи нь 16,000 гаруй төрлийн амттай, олон нийтийн сүлжээ, нөлөөлөгчдөөр дамжуулан хүүхдүүдэд маш амархан хүрдэг. Сурталчилгаанд хүүхэлдэйн киноны баатруудын дүр, дэгжин загваруудыг ашиглан залуу хойч үеийг татдаг. Хүүхэд, залуучуудын цахилгаан тамхины хэрэглээ хурдацтайгаар нэмэгдэж байна. Зарим улсад насанд хүрэгчдээс ч хурдтай өсөж байна” гэж ДЭМБ-ын газрын захирал доктор Рюдигер Креч хэлжээ.
ДЭМБ-ын гишүүн орнуудад электрон тамхи нь насанд хүрэгчдээс илүү, ихэвчлэн 13-15 насныхны дунд түгээмэл байна. Залуу насандаа электрон тамхи хэрэглэгчид цаашид янжуур тамхи хэрэглэх магадлал гурав дахин их байдаг гэж судалгаа баталдаг.
Мөн түүнчлэн “ДЭМБ-ын гишүүн орнуудад электрон тамхи нь насанд хүрэгчдээс илүү, ихэвчлэн 13-15 насныхны дунд түгээмэл байна. Залуу насандаа электрон тамхи хэрэглэгчид цаашид янжуур тамхи хэрэглэх магадлал гурав дахин их байдаг гэж судалгаа баталдаг. Засгийн газрууд цахим тамхи худалдаалахыг зөвшөөрөхгүй байхыг зөвлөж байна. Тамхины компаниуд ийм төрлийн бүтээгдэхүүний хор хөнөөл багатай гэх хуурамч шинжлэх ухааны нотолгоог цуглуулах, түгээх ажлыг санхүүжүүлж, хүүхдүүд болон тамхи татдаггүй хүмүүст сурталчилж, олон тэрбум тамхи худалдаалсаар байгаад ДЭМБ-ын санааг зовоож байна” гэв.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс бүх гишүүн улс, орнууддаа хүүхэд өсвөр үеийнхний дунд цахим тамхи хэрэглэх хэрэглээ улам нэмэгдэж эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэл байгаа тул эрс шийдэмгий арга хэмжээ авахыг уриалж байгаа юм. Уг уриалгын заалтуудыг ёсчлон дагаснаар тамхины хэрэглээнээс татгалзах, энэ төрлийн бүтээгдэхүүнийг шинээр хэрэглэж үзэх хүмүүс, ялангуяа хүүхэд, залуучуудын тоо буурахад хүргэнэ.
Сургуулийн хүрээнд тахал мэт тарж байгаа цахилгаан тамхитай эрс шийдэмгий тэмцэх цаг нь болжээ. Үгүй бол бид ирээдүйгүй болох нь ээ.
Эх сурвалж: https://www.who.int