Нийслэл гадаад зах зээлээс 700 сая ам.долларын бонд босгох эрхийг ойрын хугацаанд Засгийн газраас хүсэх нь ээ. Төгрөгт шилжүүлбэл 700 сая ам.доллар нь 2,4 их наяд төгрөг болно. Энэ нь нийслэлийн 2024 оны нэг жилийн төсөвтэй дүйж буй юм.
УИХ-аас Монгол Улсын 2024 оны төсвийг батлахдаа өрийн таазыг 3.5 их наяд төгрөгөөр хязгаарласан. Иймээс 700 сая ам.долларын бондыг гадаад зах зээлээс босгох Х.Нямбаатарын төлөвлөгөө Засгийн газраас дэмжлэг авах боломжтой.
Гадаад зах зээлээс 700 сая ам.долларын бондыг босгож чадвал олон жил яриад ажил хэрэг болгож чадахгүй байгаа гэр хорооллыг барилгажуулах ажлыг эхлүүлнэ. Эхний байдлаар дээрх хөрөнгийг Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулах ажилд зарцуулахаар төлөвлөж байна.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын өгсөн мэдээлээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг дамнасан 158 га газар дээр 12,000 айлын орон сууцыг нийслэл барьж, Сэлбэ голын усны урсацын тохируулгын хиймэл нуурын төслийг хамтад нь хийнэ. Улмаар Таван буудал, Чингэлтэй, Хайлааст, Дарь-Эхийн баруун талын айлуудын 1000 га газрыг орон сууцаар сольж, газрын төлөвлөлт, дэд бүтцийг хийж, барилгын компаниудад худалдана. Хотын төвд ойр нэг га газрыг хамгийн багадаа нэг тэрбум төгрөгөөр худалдана гэж төлөвлөж байна. Барилгын компаниудад газрыг худалдаж, таван жилийн хугацаанд 2.4 их наяд төгрөгийг олно. Гүйцэтгэлээр орон сууцны санхүүжилтийг босгохоор төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэгийн мэдээллээр Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд гэр хорооллыг барилгажуулна. Эхний шатанд чөлөөлөх 158 га газар дээр 12 мянган айлын орон сууцаас гадна 960 хүүхдийн суудалтай гурван сургууль, мөн долоон цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, спорт ордон байгуулна. Орон сууцууд нь гурван төрөл. Нам давхрын буюу амины орон сууц. Дунд давхрын орон сууц нь таван давхар. Төв замаа дагуулж өндөр давхрын орон сууцыг үйлчилгээний байгууламжтай хамтатган барина. ТЭЗҮ боловсруулагдсан. Дээрх бүтээн байгуулалтын ажлыг 3-4 жилийн хугацаанд гүйцэтгэнэ. Швед, Норвегийн загвараар орон сууцуудыг барихаар төлөвлөжээ.
Сэлбэ дэд төв дээр 12 мянган айлын газрыг чөлөөлснөөр 70 мянган айлын орон сууцны төлөвлөлт хийх орон зай бий болно. Дээр дурдсан 158 га газарт 2206 нэгж талбар нөлөөллийн бүсэд өртөж байгаа ба Нийслэлийн Орон сууц санхүүжилтийн корпорациас ажлын хэсэг гарч, хөрөнгийн үнэлгээг хийж эхэлжээ. Одоогоор дээрх бүсээс 80 гаруй иргэнтэй хашааны газрынх нь үнэлгээн дээр тохиролцон хоёр тал гарын үсэг зурсан байна.
Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорациас өгч буй мэдээллээр газрыг гурван янзаар үнэлж эхэлсэн.
Төв зам дагуух газрыг 1 м.кв-ыг 380 мянга, дараагийн түвшний байршилд 240 мянга, өндөрлөг хэсэгт байгаа айлын газрыг 1 м.кв-ыг нь 175 мянган төгрөгөөр үнэлж байна.
Тодруулбал, дээрх төлөвлөлтөд газар нь орсон иргэн 700 м2 хашааны газраа 1 м.кв-ыг 380 мянган төгрөгөөр үнэлүүлэхэд 260 сая төгрөг болж буй.
Зөвшилцөл эрчимтэй явж байгаа бөгөөд ирэх долдугаар сарын 1-н гэхэд Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд газар чөлөөлөлт бүрэн дуусна. Түүний дараа орон сууц барих ажлыг эхлүүлнэ.
Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 190 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гэр хорооллын яндангаас гарч байгаа утааг бууруулах зорилгоор Засгийн газраас утаагүй зуух, яндан нийлүүлэх, мөн түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн ч үр дүн гараагүй. Харин ч сайжруулсан түлш хоруу чанар ихтэй байгаагаас хүмүүс гэр бүлээрээ угаартан амь насаа алдаж байгаа төдийгүй агаарын бохирдол буураагүй.
Гэр хороолол дахь 800 мянган нүхэн жорлон хөрсний бохирдол үүсгэх болсноор хүн амын ундны усанд заналхийлэх болсон. Хөрс, ус, агаарын бохирдол нь хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж, хүн амын дунд өвчлөл буурахгүй байх үндсэн шалтгаан болсоор удаж буй.
Иймээс нийслэлээс гаргахаар төлөвлөсөн энэхүү 700 сая ам.долларын бонд нь Монгол Улсын хүн амын тэн хагас нь буюу 1,7 сая орчим иргэн амьдарч буй улаанбаатарчуудын амьдралд шууд хамааралтай гэж хэлж болно.
Гадаад зах зээлд бонд гаргаж чадвал дотоодод босгосноос хүүгийн хувьд хямд тусна. Энэ нь зээлийн эргэн төлөлтөд хүндрэл бага үүсгэнэ гэж харж байна.
Эх сурвалж: https://news.mn/r/2718611/