Дунд сургуулийн сурагчид нийтийн тээврээр зорчихдоо автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгний эд хөрөнгө сүйдэлжээ. Мөн ослын үед ашиглах зориулалттай алхыг авч явах зөрчил гаргасаар байна. Сүүлд камерт бичигдсэн хүүхдүүдийн талаар ЦЕГ хэвлэл мэдээллийн ажилтнаас уг хэргийн учир шалтгаан болон хариу хэмжээний талаар тодрууллаа.
Тэрбээр, Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Улиастайн чиглэлд зорчиж байсан хэдэн хүүхэд автобусны сандал санаатайгаар зүсэж байгаа камерын бичлэг ил болсон. Бид уг хэргийн эздийг маргааш өдөр нь буюу 27-ны өдөр олж тогтоосон. Хүүхдүүд бидэнд хэлэхдээ, “Бид зүгээр л шинэ автобусны шил зүсэгчийг сонирхоод авчихсан юм. Бас барьж явсан механик зүйлээр суудлын бүрээсийг урчихсан” гэж мэдүүлэг өгсөн.
Тус хүүхдүүд дунд ангийн сурагчид байсан бөгөөд 1.5 сая төгрөгний хохирол учруулсныг цагдаагийн байгууллага олж тогтоосон. Мөн хүүхдүүдийг камерын өмнө уучлалт гуйлгуулаад өнгөрсөн. Энэ нь гэмээ ухаарч олон нийтийн тээвэрт явж байсан учраас албан ёсны уучлалт гуйлгуулж, дараа дараагийн хүүхэд багачуудад сануулах байдлаар л гаргаж ирсэн юм.
ЦЕГ ар гэр, асран хамгаалагчдаар нь 1.5 сая төгрөгийн хохирлыг төлөхийг шаардсан байгаа. Одоогоор хэрэг бүрэн хаагдаагүй байна” гэлээ.
Энэ хэргийн өмнө нэр бүхий иргэд автобусанд суурилуулсан гар утасны цэнэглэх залгуурт хог хаягдал чихэн эвдэлсэн тохиолдлууд удаа дараа гараад байсан.
Улаанбаатарын нийтийн тээвэрт шинээр нэвтрүүлсэн Yutong загварын автобус нь гадна талдаа 3, дотор талдаа 4 камераар бичлэг хийж баримтжуулан, хоёр сарын хугацаатай хадгалах хүчин чадалтай юм байна.
Иймд автобусанд үйлддэг халаасны хулгай, танхайн, олон нийтийн эд хөрөнгийг сүйдэлсэн үйлдлийг баримтжуулан арга хэмжээ авч байна. Иргэд, зорчигчид та бүхнийг автобусаар соёлтой үйлчлүүлж, нийтийн хөрөнгөдөө гамтай хандахыг уриалж байна.