Хуурамч хаягаас бага насны охид руу чат бичиж, уулзах ородлого хийсэн 36 настай эрэгтэй Б гэгчийг саатуулан шалгаж эхэлжээ.
Тодруулбал, нийгмийн сүлжээнд иргэн “Өчигдөр унтах гээд хүүхдүүдийнхээ утсыг хурааж аваад Wifi-г нь хаах зорилготой байж байтал охины минь утсанд чат ирэв. Хальт хартал хуурамч хаягтай хүн охин руу минь чат бичиж зодолдохыг зааж өгөх, амттан авч өгөх, сургууль гэрийг нь асууж улмаар гэрийнх нь гадаа сургуулийнх нь гадаа уулзья гэсэн байна.
Энэ чатыг нь би уншаад шууд BLOCK хийе гэж бодсон боловч дараа нь бас өөр хэн нэгний хүүхэд гэмт хэргийн хохирогч болчих байх гэсэн үүднээс таслан зогсооход бага ч гэсэн нэмэр болье гэж бодоод охиныхоо өмнөөс хуурамчаар чатлаж эхэллээ.
Гэрийн хаягаа худлаа зааж маргааш нь уулзахаар болж охиноо утсаар яриулсаар байгаад ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн хамт олонтой хамт гэмт этгээдийг үйлдэл дээр нь баримт нотолгоотой баривчлав.
Нэмж зөвлөхөд аль болох хүүхдийнхээ зураг бичлэгийг сошиал дээр тавихгүй байх нь зөв санагдлаа. Манайхан хонхны баяр, 9.1 нд сургуулийн гадаа зураг оруулдаг анхаармаар юм байна лээ шүү. Одоо хүүхдүүдээ ангид нь оруулж өгч, ангиас нь авч байх болно” хэмээн нийтэлсэн юм.