БЗД-ийн нутаг дэвсгэр Нийслэлийн ерөнхий боловсролын 147-р сургуулийн есдүгээр ангийн сурагч өчигдөр сургууль дээрээ нулимс асгаруулагч хий цацсаны улмаас 100 гаруй багш сурагчид хордсон. Тэгвэл тус сургууль онцгой эрсдэлтэй нөхцөл байдлын улмаас танхимаар хичээллэх боломжгүй байгаа тул өнөөдөр /2024.04.17/ цахимаар хичээллэж байгаа аж.
Өчигдөр хордсон сурагч болон ажилчдын талаар тус сургуулийн захиргаанаас тодрууллаа. Тэрбээр, “Хордсон сурагчдыг ЭХЭМҮТ болон Цэргийн госпиталь, Монгол Японы нэгдсэн эмнэлэгт ЯТТ-аар хүргэж шаардлагатай гэсэн бүх эмчилгээг шуурхай хийж, арга хэмжээ авсан. Одоогоор хордсон хүүхдүүдийн биеийн байдал харьцангуй тогтворжсон байна. Манай сургууль онцгой эрсдэлтэй нөхцөл байдлын улмаас танхимаар хичээллэх боломжгүй байгаа тул өнөөдөр /2024.04.17/ цахимаар хичээллэж байна” гэлээ.
Сургуулийн хоёрдугаар давхрын объект бүхэлдээ хорт хийн тархалтад өртсөн учраас ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхээс нааш сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй гэсэн эхний байдлаар дүгнэлт гаржээ.