Сүүлийн жилүүдэд 2-3 насны хүүхдүүдэд цэцэрлэгийн багш нар нь ажлын стрессээ тайлж, дэглэж байгаа бичлэгүүд цацагдаж олны дургүйцлийг хүргээд буй. Тэгвэл “Цэцэрлэгүүдийн 80 хувийг камержуулсан. Ирэх намраас эхлэн цэцэрлэгийн камерыг эцэг эхчүүдийн гар утастай холбох ажлыг эрчимжүүлнэ” гэж БШУЯ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тэрбээр “Цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг дан ганц боловсролын яаманд даатгаж болохгүй. Хүүхдийн боловсрол гэдэг гэр бүлийн боловсролоос их шалтгаалдаг. Мэдээж сургууль, цэцэрлэгийн орчинд асуудал бий. Жишээ нь 309-р цэцэрлэгт гарсан асуудал. Яагаад энэ бүхэн үүссэн бэ гэдгийг тодорхойлохоор оролдож байна. Олон шалтгаан байгаа.
Хүүхдүүдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүй, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулаад амжилттай хэрэгжээд явж буй. Сүүлийн хоёр жилд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 1,200 орчим туслах багш бэлтгэсэн. Энэхүү туслах багш нарыг 45 хоногт цахимаар бэлдсэн. Богино хугацаанд, цахимаар бэлдсэний сөрөг үр дагавар болов уу гэж бодож байна.
Нийслэлд байгаа 1000 гаруй цэцэрлэгийн 80-90% нь камержсан. Гэхдээ камерын бичлэгийг эцэг эхчүүд утсаар хянах боломжийг бий болгоогүй байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдын гар утсан дээр хүүхдээ цэцэрлэгт байх хугацаанд хараад байх боломжуудыг нээж өгнө” хэмээн мэдээллээ.