Мягмар гарагт /2024.03.26/ Шинэ Зеланд БНХАУ-ын засгийн газар 2021 онд болсон цахим халдлагатай холбоотой байсан гэдгийг мэдэгджээ. 2021 онд Шинэ Зеландын парламентыг онилсон цахим халдлага болсон юм.
Тэрхүү халдлагыг мөрдөн шалгасны үр дүнд Шинэ Зеландын засгийн газар БНХАУ-ын засгийн газраас хөрөнгө оруулалттай явагдсан гэдгийг илрүүлжээ. Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Уинстон Петерс “Гадаадын орноос ийм төрлийн хөндлөнгийн оролцоо орж ирэх нь хүлээн зөвшөөрч болшгүй зүйл. Бид БНХАУ-ыг цаашид ийм үйл ажиллагаа явуулахгүй байхыг уриалж байна” гэсэн юм.
Тэрбээр Хятадын засгийн газраас санхүүжилт авдаг бүлгэмүүд Шинэ Зеланд болон Их Британи дахь байгууллагуудад халдлага үйлдсэн талаар Хятадын Элчин сайдад мэдэгдсэн хэмээжээ.
Шинэ Зеландааас гадна Их Британи, АНУ хоёр БНХАУ-ыг кибер тагнуулын ажил өргөн хүрээтэй явуулсан гэж буруутгаад байгаа юм. АНУ болон Их Британийн мэдээлснээр тус халдлагад хууль тогтоогч, эрдэмтэн судлаач, батлан хамгаалахын гэрээт ажилчид гэх мэт олон сая хүнийг онилсон байна.
Тэгвэл БНХАУ-ын талаас энэхүү мэдэгдлийг үндэслэлгүй гэжээ. Тухайлбал Лондон дахь БНХАУ-ын Элчин сайдын яам зохиомол, хорлонтой гүтгэлэг гэж мэдэгдэл гаргасан юм.
Эх сурвалж: Reuters