БНХАУ-ын эдийн засгийн хурдтай өсөлтийн хөдөлгөгч хүчин зүйл болж өгсөн томоохон салбаруудын нэг нь үл хөдлөх хөрөнгийн салбар. Сүүлийн 20 жилд үзэгдсэн эдийн засгийн өсөлтийн чамгүй хувийг үл хөдлөх хөрөнгийн салбар үүсгэсэн гэдэг.
Хятадын хоёр дахь хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компани болох “Evergrande” 2021 оны арван хоёрдугаар сард 300 тэрбум ам.долларын өрөө төлж чадахгүйд хүрч, дампуурлаа зарласан.Үүний улмаас БНХАУ-д шинээр баригдаж буй барилгын тоо метр квадратаар тооцвол 2020, 2021, 2022 онд тус тус 2, 11, 39 хувиар буурчээ. Үүнээс гадна дефляц, хөрөнгийн зах зээлийн уналт гэх мэт асуудал тулгараад байсан юм.
Үл хөдлөх хөрөнгөөс бусад салбарууд тогтворжиж эхлэв үү
БНХАУ-д хэрэглээ, аж үйлдвэрлэл, дэд бүтцийн хөрөнгө оруулалт гэх мэт салбарууд Цагаан сарын баярын худалдаа, экспортын өсөлт, төрөөс дэд бүтцийн хөгжлийг дэмжих бодлогын ачаар эерэг үр дүн үзүүлж эхэлжээ.
Тодруулбал жижиглэнг худалдааны борлуулалт нэгээс хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өссөн юм. Энэ нь “Reuters” агентлагийн санал асуулгаар шинжээчид 5.2 хувиар өснө гэж таамагласнаас өндөр үзүүлэлт байв.
Хоол хүнсний үйлчилгээ мөн харилцаа холбоо, тамхины худалдаа, спорт, үзвэр үйлчилгээний салбарын борлуулалт хамгийн их өсжээ. Мөн БНХАУ-д хэрэглээний үнийн индекс (CPI) хоёрдугаар сард анхны удаа нэмэгдсэн
Энэ нь сүүлийн зургаан сард CPI нэмэгдсэн анхны тохиолдол бөгөөд шинжээчид үүнийг Цагаан сарын баяраар хүмүүс их худалдан авалт хийсэнтэй холбоотой гэж үзэж буй.Тодруулбал Хятадын засгийн газраас гуравдугаар сарын 9-нд нийтэлсэн тоо баримтаас харвал хоёрдугаар сард хэрэглээний үнийн индекс өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар нэмэгдэн байна.
CPI нь инфляцыг тодорхойлоход ашигладаг чухал үзүүлэлт. Өнгөрсөн жилээс хойш БНХАУ-ын эдийн засаг хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн инфляц багасаж, дефляцын асуудал үүссэн.
Дефляц гэж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тогтмол буурахыг хэлдэг. Ийм тохиолдолд бизнесүүдийн орлого буурч, орлогоо тогтмол барихын тулд ажилчдаа цомхотгох шаардлага гардаг тул эдийн засагт сөрөг нөлөөлдөг билээ.
Мөн аж үйлдвэрлэл энэ жилийн эхний хоёр сард 2023 оны мөн үетэй харьцуулахад 7 хувиар өсжээ. “Reuters” агентлагийн санал асуулга явуулсан шинжээчид тус үзүүлэлтийг дунджаар 5 хувиар өснө гэж тооцоолоод байсан юм.
Аж үйлдвэрлэлийн үзүүлэлт өссөн нь “S&P Global”-аас энэ сарын эхээр гаргасан Caixin manufacturing Purchasing Managers Index-ийн өсөлттэй нийцжээ. БНХАУ дахь экспорт хийдэг аж үйлдвэрлэлийн компаниудын үзүүлэлтийг хянадаг тус индекс нэгдүгээр сард 50.8 байсан бол хоёрдугаар сард 50.9 болж нэмэгдсэн байна.
Дээрээс нь БНХАУ-ын гаалийн тоо баримтаас харвал экспорт нэгээс хоёрдугаар сарын хооронд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.1 хувиар нэмэгджээ. Энэ нь шинжээчдийн таамаглалаас хол давсан үзүүлэлт байв.
Үйлдвэр, зам, цахилгааны сүлжээ гэх мэт дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалт энэ оны эхний хоёр сард 4.2 хувиар нэмэгджээ. Гэхдээ энэ өсөлтийн ихэнхийг БНХАУ-ын төрөөс хийсэн хөрөнгө оруулалт үүсгэсэн юм.
Харин үл хөдлөх хөрөнгийн салбар унасаар л
БНХАУ-ын Үндэсний статистикийн газрын (NBS) өнгөрсөн даваа гарагт /2024.03.18/ нийтэлсэн тоо баримтаас авч үзвэл, энэ оны эхний хоёр сард үл хөдлөх хөрөнгийн борлуулалт 1.06 их наяд юань (147 тэрбум ам.доллар) хүрчээ.
Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 29.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Үл хөдлөх хөрөнгөд хийх хөрөнгө оруулалт энэ жилийн нэгээс хоёрдугаар сард 9 хувиар буурчээ. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад харин 5.7 хувиар багассан байна.
Хятадын эдийн засгийн бусад салбаруудад сэргэн мандаж байгаа үр дүн харагдаж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн салбар сайжрах шинж алга. Шинжээчид үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилнэ гэж таамаглаж буй.
“Capital Economics” фирмийн шинжээчид өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн судалгааны тэмдэглэлдээ “Үл хөдлөх хөрөнгийн салбарыг засах ажил одоог хүртэл эхний шатандаа байна. Бид үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт ирэх жилүүдэд хоёр дахин буурч, дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг доош нь татна гэж таамаглаж байна” хэмээжээ.
Эх сурвалж: CNN https://eguur.mn/483795/