Г.Доржзодовыг эрэн сурвалжилж байна

Зургадугаар сарын 26-нд өрнөсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүн сонгуулийг хоёр шаттай явуулах хаалгыг нээчихсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд гарч байгаагүй энэ үзэгдэл нь харин сонгуулийн сурталчилгааны “хөөс”-ийг хагалж, сурталчилгааны өдрүүдэд өрнөж байсан адал явдлууд олон нийтийн тархийг угаах зорилготой кино найруулагчийн “онцгой бүтээл” байсныг илчлэв. Хэрвээ бүх “үзэгдэл”-үүд бодитой байсан бол өнөөдөр яагаад үргэлжлэхгүй байна вэ?

гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга боллоо

Зуны халуун, сонгуулийн халууралтай зэрэгцэн 60 тэрбум нэртэй пайз зүүж олны анхаарлын төвд орж ирсэн Г.Доржзодов өнөөдөр хаачив аа? Нийгэм олон үзэгдэлт цуврал киноны дараагийн ангийг үзэхэд бэлэн байна.

Гэвч 60 тэрбумын хэргийг мандуулан, телевиз сониноор төлбөртэй ярилцлага өгөөд нуугдсан, Женко Баттулгатай хөтлөлцөөд орон нутагт сонгуулийн сурталчилгаа хийж явсан Г.Оюунгэрэлийн гэрт орогнон, мөн л Женко Баттулгыг сурталчилахад өндөр үүрэгтэй оролцож байгаа сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд “намайг хөөж байгаа хүмүүсээс би айгаад байна” гэх маягийн юм ярьж зогссон Г.Доржзодов гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга боллоо.

Санал хураалтын дараахь өдрүүдэд түүнийг хууль хяналтын байгууллагынхан тоож анхаарсангүй. Хэрэв ийм үйлдэл илэрсэн бол Г.Оюунгэрэл гэртээ нууж, Л.Мөнхбаясгалан хамгийн түрүүнд сурвалжлах байсан нь эргэлзээгүй.

Ийм нэгэн аймшигт тоглоомын хүүхэлдэй болсон Г.Доржзодов  хэмээх энэ залуугийн ирээдүйн 20 жилийн амьдралыг төсөөлөхөд хүнд. Хорьхон хоногийн настай сонгуулийн хар сурталчилгааныхаа гол зэвсэг болгож дөнгөсөн кино найруулагч талынхан түүнийг одоо бохироо арчсан амны цаас шиг хөсөр хаяжээ. Харин өрөвдөн, дургүйцэж, гайхан алмайрсан олон нийтийн сүлжээнийхэн түүнийг битүүхэн “эрэн сурвалжилсаар” л байгаа юм.

zodov-300x131 Г.Доржзодовыг эрэн сурвалжилж байна

Олимпийн аварга хаачив?

Сонгуулийн сурталчилгааны хаалтын шөнө буюу зургаан сарын 24-25-ны шөнө Булган аймгийн төвд аймгийн -ын даргыг өөр нэг эрийн хамт согтуурхаад зодчихсон Олимпийн аварга, жудоч Н.Түвшинбаяр ойрын өдрүүдэд ажин түжин болов. “Түвшинбаяр хүн зодчихлоо” гэсэн дуулиан толгойтой бүхний гайхлыг төрүүлж байхад “Энэ мэдээ чинь худлаа шүү” хэмээн өмөөрөх хүмүүс олон байв. Олимпийн аваргын нэр хүнд гэдэг тийм ч амар хугарах эд биш. Итгэхгүй хүн олон байх нь аргагүй. Гэвч мэдээлэл үнэн болохыг цагдаагийн байгууллага нотолсон. Санал хураалтаас хойш арваад хоног өнгөрсөн ч Н.Түвшинбаяр дуулианыхаа талаар юм дуугарсангүй. Хэрвээ аварга хүн зодоогүй байсан бол хамгийн түрүүнд хэвлэлийн хурал хийх байсан билээ.

tuvshinbayar-300x131 Г.Доржзодовыг эрэн сурвалжилж байна

АН тэрбум төгрөгнийхөө талаар ганц үг ганхийхгүй л юм байх даа?

Ерөнхийлөгчийн сонгуулийн “Хамгийн том олдвор”-т тооцогдсон 1 тэрбум 80 сая төгрөгийнхөө талаар таван янзын тайлбар хэлээд бүдэрсэн АН-ынхан санал хураалтын өдрөөс хойш энэ тухай ганц ч үг ганхийсэнгүй. Үйл явдлыг сануулахад 2017.06.23-нд Говь-Алтай аймгийн Замын хяналтын цэг дээр ажиллаж байсан цагдаагийн албан хаагчид Улаанбаатараас баруун аймгуудыг зорьж явсан “Тоёота-4 runer маркийн 0308 УНҮ” улсын дугаартай автомашиныг шалгасан байдаг. Эндээс таван хайрцагт хийсэн 1 тэрбум 80 сая төгрөг, Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны материал, CD гарч ирсэн ба 20 мянгатын дэвсгэртээс бүрдсэн мөнгө ХХБ-ны тамгатай байсан юм.

Тээвэрлэлт хийсэн 0308 УНҮ автомашин “Талх чихэр” ХК-ийг үүсгэн байгуулагч Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэгийн “Милл хаус” компанийн эзэмшлийнх гэдэг нь тогтоогдсон. Санал хураалтын өмнөх өдөр АН-ын гэсэн “хаяг”-тай хэсэг хүмүүс дээрх мөнгийг авахаар Говь-Алтайн Цагдаагийн хэлтсийн үүдэнд бэсрэг үймээн дэгдээснийг эс тооцвол их хэмжээний 1 тэрбум 80 сая төгрөгт өнөөдөр “эзэн олдоогүй” байна.

Мөнгийг иргэдийн саналыг худалдаж авахаар баруун аймгууд руу явуулсан гэсэн яриа гарсан боловч үүнд АН бас тайлбар өгсөнгүй. Их хэмжээний энэ мөнгөний хэргийг шүүх шийднэ гэсэн мэдээлэл өнөөдрөөс түгж байна. Энэ бол Монгол Улсын түүхэнд, сонгуулийн түүхэнд ч анх удаа илэрсэн их хэмжээний бэлэн мөнгө. Тиймээс гарал үүсэл, хэрэг зорилгын хувьд олон нийтийн анхаарлыг гарцаагүй татаж байгаа юм.

mungu-01-300x131 Г.Доржзодовыг эрэн сурвалжилж байна

Н.ТУНГАЛАГ

Түлхүүр үг: ,,

4 сэтгэгдэлтэй

  1. Түвшинбаяр сонгуулийн өдөр зодуулсан гэх 2 залуутай хамт live хийгээд инээлдээд явж байсан. Аргаа барсан инээдтэй юм бичих юм даа хөөрхийс

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.