Гол агуулга: Гурил бол инфляцид махан бүтээгдэхүүний дараах нөлөөллийг үзүүлдэг стратегийн хүнс. Манай улс инфляциа шатахуун тэргүүтнээр дамжуулан гаднаас импортолдог байхад дотоодоос мах, гурил нь хэрэглээний сагсанд үлэмж нөлөө үзүүлдэг онцлогтой.
Тэр ч утгаараа шатахуун, цемент тэргүүтэй эдийн засагт чухал нөлөөтэй бүтээгдэхүүнүүдтэй зэрэгцүүлэн, гурилын салбараа бэмбийлгэн асарч, үйлдвэрлэгчид, тариаланчдаа ч асарч хөгжүүлсээр баахан муу зантай болгочихсон нь бидний өнөөгийн бодит байдал юм. Үүнийг харин эвдэхээр парламент дээр яригдаж буй нь нийтийн анхаарал татсан сэдэв болоод буй.
Дэлгэрэнгүй: Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Засгийн Газраас УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар шийдвэрлэнэ. Энэ асуудлаар эрх баригч МАН өнгөрсөн долоо хоногт завсарлага авч байгаад саналаа хайрцагласан. Тэд “гаалийн татвараас чөлөөлөх нь зөв” гэдэг агуулгаар саналаа нэгтгээд байна.
-Украины дайн эхэлсэнээс долоон сарын дараа гурилын үнэ огцом өсч, 2 жилийн дотор 50% нэмэгдэв-
Гурилын үнээ хэзээнээс, хэрхэн өсгөв гэдгээс асуудлыг хөндөж эхлэе.
2021.01 сараас 2022.09 сар хүртэл гурилын үнэ 1500-1600 төгрөгийн хооронд тогтмол байж иржээ. 2022.02.24-нд Орос-Украины дайн эхэлсэн. Үүнээс долоон сарын дараа буюу 2022 оны есдүгээр сараас 1875 төгрөг болж огцом нэмэгдэн, 2022 оны арваннэгдүгээр сараас 2000 төгрөг давсан байна.
2022.09-2023.09 сар хүртэл 1875-2751 төгрөг болж, даруй 876 төгрөгөөр нэмэгдсэн аж. Энэ нь 32 хувиар нэмэгдсэн гэсэн үг. 2024 оны хоёрдугаар сар хүртэл дахин нэмэгдэж, 2969 төгрөг болоод байна.
Өөрөөр хэлбэл гурил үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг өнгөрсөн 2023 онд 5-9 удаа, 11-19 хувиар өсгөжээ. ШӨХТГ “Монголын гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, үнэ нэмдэг” гэсэн дүгнэлтийг хүртэл гаргасан удаатай.
Үр дүнд нь гурил үйлдвэрлэгчдийн цэвэр ашиг нэмэгдэж, инфляц өссөн байна.
Гурилын дотоод үйлдвэрлэгчийн борлуулалтын орлого 2023 онд 436 тэрбум төгрөгт, цэвэр ашиг 8.2 хувьд хүрсэн байна. Энэ нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт аж.
Гэтэл сүүлийн гурван жилийн гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дагаад нийт инфляц дахь оролцооны түвшин өссөн.
-Зохиомол хомсдол ба үнийн өсөлт-
Харин үнэ өсөхтэй зэрэгцээд нийлүүлэлт буурсныг доорх графикаар тайлбарлая.
2017 оноос импортын гурил халагдаж, хэрэглээгээ дотоодоосоо хангадаг болжээ. Дээрх график дахь анхаарлын тэмдэгтэй хамгийн сүүлийн хоёр баганыг анзаараарай.
Нийлүүлэлт 2022 онд 202 мянган тонн, 2023 онд 191 мянган тонн болж буурчээ. Өөрөөр хэлбэл 2020 оныхоос бүр 44 мянган тонноор буурсан. Зохиомол хомсдол үүсгэсэн гэж ойлгож болно.
Дотоодын гурилын жилийн хэрэглээ 202 мянган тонн. Үүнээс импортын эзлэх хэмжээ 6% л байна. Өөрөөр хэлбэл, одоогийн нөхцөлд импортын гурил монголчуудын тархмал хэрэглээ бус байна. Чухам ийн сайнаар дотоодын үйлдвэрүүд хэрэглэгчээ татсан тул тэд зохиомлоор үнэ өсгөх, эрэлт бий болгох хөөсийг ч амархан үүсгэсэн талтайг графикаас харж болно.
-Гурил үйлдвэрлэгч монопол компаниудын эзэд-
Монголын гурилын зах зээлийг ердөө доорх АРАВ ГАРУЙ гэр бүл атгадаг.
- “Таванбогд” группийн эзэн Ц.Баатарсайханы “Улаанбаатар гурил” ХХК нь “Улаанбаатар” нэрийн гурил үйлдвэрлэдэг.
- Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын “Милл хаус” ХХК “Атар” нэрийн гурил үйлдвэрлэдэг.
- Ц.Баатарсайхны төрсөн дүү Ц.Отгонбаатарын “Од групп” ХХК, “Ургац гурил” ХХК “Ургац” нэрийн гурил үйлдвэрлэдэг.
- Лувсаннамжилын Ганбатын “Хангай миллс” ХХК “Хурх” нэрийн гурил үйлдвэрлэдэг.
- АН-ын бүлгийн зөвлөх А.Батсуурийн “Өег гурил” ХХК “Өег” нэрийн гурил үйлдвэрлэдэг.
- ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны “Дорнод гурил” ХХК “Дорнод” нэрийн гурил үйлдвэрлэдэг.
- Соёлын сайд Ч.Номингийн аав Л.Чинбатын “Гацуурт” ХХК “Гацуурт” нэрийн гурил үйлдвэрлэдэг.
- Б.Даваасамбуугийн “Өгөөж гурил” ХХК
- “Хөвсгөл Алтан дуулга” ХК
- “Ерэн цагаан” ХХК
- “Увс хүнс” ХК
- П.Цэнгүүний “Алтан тариа” ХХК “Алтан тариа” нэрийн гурил үйлдвэрлэдэг.
2023 онд дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн борлуулалтын 70 орчим хувийг “Улаанбаатар гурил” ХХК, “Алтан тариа” ХХК, “Милл хаус” ХХК нар бүрдүүлсэн. Тэдний цэвэр ашгийн хувь салбарын дунджаас өндөр гарчээ.
-3-6% хувийн хөнгөлөлттэй зээл ба элдэв дэмжлэг хүртдэг байдал-
Гурилын үйлдвэрлэгчид маш олон төрлийн боломж, хөнгөлөлт, дэмжлэг төрөөс эдэлдэг.
- Трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмжийг импортын НӨАТ-аас 2025 он хүртэл чөлөөлсөн.
- Үйлдвэрийн шинэ тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас 2027 он хүртэл 100 хувь чөлөөлсөн.
- Шинээр гурилын үйлдвэр барихад татварын дэмжлэг үзүүлдэг.
Дээр нь нэмээд 3-6%-ийн хүүтэй 3-5 жилийн хугацаатай зээлээр дэмждэг.
Дээрх компаниуд 2021-2023 оны хооронд 208 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл аваад байгаа аж. Ц.Баатарсайханы “Улаанбаатар гурил” ХХК 43 тэрбумыг, Х.Баттулгын дүү Х.Баттуулын “Милл хаус” ХХК 47.6 тэрбумыг, Х.Болорчулуун сайдын “Дорнод гурил” 10 тэрбумыг гэхчлэн авчээ.
Хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл 2024 оны 1 сарын байдлаар 101.4 тэрбум төгрөг орчим байна.
–
Олон улс хэрхдэг вэ?
Дэлхийн улс орнууд гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт, импортын тэнцвэрийг хангах, үнийг хязгаарлах зорилгоор тарифын болон тарифын бус арга хэмжээг авдаг. Ингэхдээ ихэвчлэн тодорхой хугацаа тавьж хэрэгжүүлдэг байна.
Иймээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дотоодын зах зээлд олон жил монополчилсон олигархууд, мөлжигчид хэмээн дуугарч байгаад гаалийн татвараас чөлөөлөх агуулгыг хөндөхөөс өөр аргагүйд хүрсэн ойлгогдож байна.
Агуулгыг дүгнэвэл,
Нэгэн үес дотоодын цемент үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжихийн тулд импортын татварт хатуу зохицуулалт хийсээр ирсэн. Хөгжлийн банкнаас тухайлсан том зээлүүд үйлдвэрлэгчид рүү гарч, жижиглэнгийн ба бөөн нийлүүлэлтийн зах зээлд манай үйлдвэрлэгчид жин дарж эхэлсэн байдаг. Гэвч үгсэн хуйвалдах замаар жижиглэнгийн үнийг гэнэт хөөсрүүлэн нэмэх, зохиомол хомстол бий болгох зэргээр зах зээлийн урвуу үүсгэлүүд гарах болсон. Засгийн газраас бөөн шүүмжлэл дунд цеменетийн импортын татварын бодлогоо сулруулж байв.
Үүний араас энэ удаагийн гурилын татварын асуудал орж байна.
Нөгөө талд “Гурил үйлдвэрлэхээ зогсооход бидэнд ямар ч асуудал гарахгүй” хэмээж буй монополи үйлдвэрлэгчдийн тариалан эрхчлэгчид нь төрийн халамж дунд хэвээр үлдэж буй. Ажлын байрны үзүүлэх жин, тэдний эдийн засгийн дархлааг бодсон ч тэр төр энэ удаа гурил үйлдвэрлэгчид дээр ачааллыг үүрүүлж, тэднийг хамгаалаад үлдчихэж байгаа дүр зураг харагдаж байна.
Гэхдээ импортын гурилын гаалийн татвар чөлөөлөлтөд тодорхой хугацаа тавьж, хуульчилж агуулгыг парламент дээр зайлшгүй хөндөж ярих учиртай. Салбар эрхэлсэн сайд Х.Болорчулуун нь гурилын үйлдвэртэй, Соёлын сайд Ч.Номингийн аав нь энэ салбарын монополчидын нэг байгаа нөхцөлд Д.Амарбаясгалан, Б.Жавхлан хуулийн төслөө тайлбарлаж ажиллаж байгаа нь ч бидний байгаа л царай юм.
Эх сурвалж: https://eguur.mn/484804/ П. Урнаа