Улсын төсвийг дахин танахгүй, Европын холбоонд төлөх ёстой өр төлбөрийнхөө ихэнх хэсгийг төлөхгүй, олон улсын зээлдэгчдийн шаардлагуудыг хүлээж авахгүй гэх мэдэгдэл нь иргэдийн цөсийг хөөргөж, Грекийн 2015 оны сонгуулиар “Сириза” улс төрийн намуудын нэгдэл ялалт байгуулав. Гэвч 300 мянган ажлын байр шинээр бий болгоно гэсэн амлалт нь үгүй болж, ОУВС-нд төлөх ёстой байсан 1.7 тэрбум ам.долларыг төлж чадаагүй. Үүний улмаас дэлхийн санхүүгийн ямар ч байгууллагаас тусламж авч чадахааргүй болж, популист амлалтын үр дүнд Грекийн валютын урсгал, импорт бүрэн зогсов. Улмаар хөрөнгө оруулагчид дайжиж олон улсын байгууллагуудын итгэх итгэл буурч, нэн ядуучуудын тоо хоёр дахин өсч, энэ орныг ядуурал бүхэлд нь залгисан түүхтэй. Ажилгүйдэл, ядуурал нь дээд цэгтээ хүрч уур бухимдалд хүрсэн Грейкчүүд өдөр алгасалгүй гудамжинд жагсан Грекийн ард түмэн эрх баригчдын хоорондох мөргөлдөөн эцэс төгсгөлгүй мэт үргэлжилж энэ орны хөгжил хэдэн арван жилээр хойшилсон.
1995 онд Аргентин улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин нэр дэвшиж өрсөлдсөн Карлос Менем мөн л популист амлалтынхаа хүчээр ялалт байгуулсан. Тэрбээр эдийн засгаа халамжийн бодлого руу чиглүүлж улсын төсөв өндөр алдагдалтай, ам.долларын ханшийг хүчээр барьсан эдийн засгийг босгосон. Төсвийн хэт алдагдал нь Аргентинийг залгиж 2001 онд гадаад улсад төлөх ёстой байсан 132 тэрбум ам.долларыг төлж чадаагүйгээс дефольт зарлалаа. Мөн оны арванхоёрдугаар сард ОУВС Аргентин улсад өгөх зээлээ зогсоосноор бусад олон улсын санхүүгийн зах зээл хаалттай болсон юм. Улмаар 2002 он гэхэд үндэсний нийт бүтээгдэхүүн нь 20 жилийн өмнөх төвшинд хүртэл дордож, ажилгүйдэл хоёр дахин нэмэгдэв. Дефольт зарласан Аргентин улс АНУ болон Их Британийн шүүхэд удаа дараа дуудагдаж үргэлж ялагдаж байлаа. Ингэснээр 2016 онд Аргентин улс бондын нийт төлбөрийнхөө 75 хувийг төлөхөөр болсноор 15 жилийн дараа дэлхийн санхүүгийн зах зээлд орох эрхээ дөнгөж олсон юм. Өөрөөр хэлбэл, хөгжлийнхөө 15 жилийн боломжийг алджээ. АНУ, Англи, Герман зэрэг дэлхийн эдийн засгийн хүчирхэг 10 гүрний нэг байсан Аргентин улс популизмыг сонгосныхоо горыг ийнхүү хатуухан хүртсэн.
Латин Америкийн хүчирхэг эдийн засагтай орон Венесуэл 2013 онд улсынхаа Ерөнхийлөгчөөр автобусны жолооч, хожим үйлдвэрчний эвлэлийн дарга болсон Николас Мадурог сонгов. Мадуро төрийн эрхийг барьж эхлээд бүх бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, төрөөс үнийг хүчээр барьж, үнийн босго тогтоолоо. Импортоор орж ирэх хямд бараа бүтээгдэхүүнийг хааж, Засгийн газраас татвар төлөгчдийн төлсөн мөнгөнөөс үйлдвэрлэгчдэд тэтгэмж өгч алдагдлыг нь хааж байлаа. Үнийн тогтвортой байдлыг барих нэрийн дор хөдөө аж ахуйн томоохон компаниудыг төрийн мэдэлд авлаа. Газрын тос олборлох эрхийг төрийн өмчид ганцхан компанид олгосноор 2004-2014 оны хооронд энэ компаниас 11 тэрбум ам.доллар ор сураггүй алга болсныг Үндэсний аудитын газар нь мэдээлсэн аж. Популист бодлогын үр дүнд Венесуэл улс гадаадаас нэг ч бараа бүтээгдэхүүн импортолдоггүй. Дотоодын үйлдвэрүүд нь алдагдлаа дийлэхгүй олноороо хаагдаж, иргэд нь гурил, сүү, саван зэрэг өдөр тутмын хэрэглээний зүйлсээ авч чадахгүй хэдэн сарын нүүр үзэх тохиолдол гарсаар байна. Аргаа барсан венесуэлчүүд гудамжинд тэмцэж эхэлсэн ч Ерөнхийлөгч Мадурог эргүүлэн татах бүх боломжийг хаасны улмаас ард түмнийхээ эсрэг цэргийн хүчээр тэмцэж байгаа юм.
Энэ бүхэн популист амлалттай улстөрчдийг төрийн эрхэнд гаргасны үр дүн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлагагүй, Оюутолгой, Тавантолгойг зэрэг ашигт малтмалын орд газруудаа төр мэдэлдээ авна гэж мэдэгдэж байлаа. Сонгуулийн урьдчилсан дүнтэй зэрэгцэн Олон улсын хөрөнгийн бирж дээр Монголын компаниудын хувьцааны үнэ буурч, тэр бүү хэл, бондууд шоконд орох нь тэр. Гэтэл энэ мэдээллийн араас АН нэр дэвшигчдээ иргэдийн өр, төлбөрийг тэглэх үүрэг өгчээ. Өнөөх нь ч тэглэх бодлого баримтлахаа мэдэгдэж, УИХ дахь намын бүлэг нь дэмжихээ илэрхийлэв. Засаг барьсан дөрвөн жилдээ өрийн тоолуурын хурдыг нэмэгдүүлж, эдийн засгаа хэвтэрт оруулсан нь энэ намд багадав уу гэлтэй.
С.Эрдэнэ даргын хэлсэн туйлын үнэн. Гурван сая монголчуудын маань гуравны нэг шахам нь зээлтэй. Би ч зээлтэй. Үүнд АН Засаг барьсан дөрвөн жилийн түүхийг ч авч үзэх ёстой биз. Гэхдээ тэгж туйлшрахаасаа илүүтэй дэлхий нийтийн жишгээр монголчууд зээлийн түүхтэй болж, өөрсдөө хөдөлмөрийнхөө үр шимээр амьдралаа бүтээж байгааг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн амьдрал жам ёсоороо явагдаж байгаа нь энэ. Зээл бол хэрэгцээ болохоос биш хэн нэгний улс төрийн тоглолт хийх хэрэгсэл биш. Харин үүний оронд зээлийн хүүг тэглэнэ гэсэн бол амьдралд илүү ойр буух байлаа. Үгүй ядаж Монголбанкины хар дэвтэрт бүртгэгдсэн найдваргүй зээлдэгч гэх хар шошгыг хуулна гэж амлахгүй дээ. Түүнээс биш хотынхонд мал, махаа өндөр үнээр шахаж, үргэлж хайр халамж шаардаж байдаг малчдад хайр зарлаж, оюутнуудыг тархийг угаах гэнэ. Энэ нь эх оронч хүний хийх ажил юм даг уу. Гэхдээ энэ нь Монголын нийт иргэдэд бус ганц хүнд л ашигтай өнцгөөс харагдаад ер болдоггүй. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Х.Баттулга ганц Баянхонгорт л ялалт байгуулсан. Тиймээс ерөнхий зургийг гартаа оруулсан тэрбээр орон нутаг руу энэ богино хугацаанд хүч хаяж ажиллахгүй бол дахин санал хураалтаар ялагдал хүлээнэ. Иймээс малчдын өрийг тэглэж, оюутнуудыг нь өөрийн үр хүүхэд шигээ бөөцийлнө гэж байгаа юм даг уу. Ингэж байж малчдын харцыг нь татаж, хайрыг нь булаах гэсэн өчүүхэн санаанаас өөрцгүй мэт. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн булчирхай дээр гэж юутай үнэн.
Гэхдээ хууль тогтоох дээд байгууллагад олон жил заларч, сайдын сэнтийд тухалж үзсэн эрхэм атлаа хуулийг гууль болгон популист амлалт өгөх нь хэр оновчтой бол гэх асуулт. Ганц энэ мэдээлэл гарахтай зэрэгцэн зээлдэгчид төлбөрөө хугацаанд нь төлөхгүй, хүлээлт үүсэх эрсдэл бий болов. Ямартаа л арилжааны банкууд удахгүй нүд аних вий гэх болгоомжлол ч эдийн засагчдын амнаас цухалзана. Эс бөгөөс иргэд эд хөрөнгө, амьжиргааны хэдэн малаа хураалгаж мэдэх нөхцөл байдал бий болох эрсдэлтэй. Төрийн тэргүүн бол улс орны эв нэгдлийн бэлэг тэмдэг байж, хууль санаачлах эрхтэй хүн юм. Түүнээс биш мөнгө тараадаг АТМ биш.
Мөн энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлжээ. Тэрбээр “Хэрэв сонгуулийн үр дүнд АН-ын энэ “өргүй болгох” мэдэгдэл нөлөөлбөл Монгол Улс 6 сар л тэснэ. Учир нь 2017 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар банкны нийт зээл 12.7 (100 хувь) их наяд. Үүнээс иргэдийн зээл 5.6 (44 хувь) их наяд бол банкны нийт өөрийн хөрөнгө 3.1 их наяд төгрөг аж. Иргэн зээлдэгчийн тоо 943.668, нэгж зээлийн дундаж дүн 6 сая төгрөг. 1072 хувьцааны 2017 оны хүлээгдэж буй ногдол ашиг 35 мянга орчим. Хэрэв АН-ын мэдэгдлээр иргэдийн нийт зээлийг төр батлан даалтад авбал иргэд зээлээ төлөхгүй харзнах сөрөг хүлээлт бодитоор шууд үүснэ” гэдгийг ч тайлбарлажээ.
Эдийн засаг дүүрч гэхэд мань хүн хууль зөрчиж байгаагаа мэддэг л байгаа даа. Ерөнхийлөгчийн хэм хэмжээгээ мэдэхгүй байгаатай адил Сонгуулийн тухай хуулийн 67.4.1-д “мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох”-ыг хориглох заалтын талаар сонсоогүй юм биш байгаа. Мөн хуулийн 67.4.3-д “зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх”-ийг хоригложээ. Монгол Улсын хоёр дахь том нам гэгддэг эл намын удирдлагууд хуулийн эл заалтыг мэддэггүй гэх үү. Эсвэл санамсар болгоомжгүйгээсээ ийм амлалт өгчих вүү. Төрийн эрхийг өвөртөө оруулж л байвал улс орны цаашдын хувь заяа хамаагүй мэт аяглах болсон популистуудын үнэн төрх энэ.
Холбогдох хуулийг ноцтойгоор зөрчсөн АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг эргүүлэн татах хангалттай үндэслэл энэ биш үү, Сонгуулийн ерөнхий хорооныхоон. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын үйлдлийг мэдсээр атлаа нэрийг нь эргүүлэн татаагүйн гороор 7 тэрбум төгрөг салхинд хийсэхээр нөхцөл байдал бий болчихоод буй. Ийм атал дараагийн нөхрийн толгойг ч мөн илээд өнгөрөх хэрэг үү.
Х.Баттулга сонгуульд ялагдсан ч, ялсан ч бослого гаргаж мэдэхээр дүр зураг бий болоод байна. Хэрэв тэр ялагдал хүлээвэл сонгуулийг хакердлаа, санал луйвардлаа гэх уриа лоозон барьж, төв талбайг гороолж, түмэн олныг түйвээж, өндөөн хатгах ажиллагааг доод хүмүүс нь хэдийнэ эхлүүлчихсэн. Улсын баатар хүртэл ийм уриалга дэвшүүлж, эх оронч гэж цээжээ дэлдэх.
Харин ялалт байгуулж, Төрийн тэргүүний сэнтийд заларвал популист амлалтынхаа уршаар төрийн эргэлт хийх шаардлага бий болж, зэвсэгт мөргөлдөөн хийж болзошгүйг үгүйсгэх аргагүй. Эдийн засгийн тооцоо судалгаа хийх нь байтугай үг үсгийн алдааг нь ч хянаж амжилгүй тамгалж, мутарласныг бодоход АН-ынханд Төрийн эрхийг авах нь л хамгаас чухал. Тиймээс амлалтаа хөрсөн дээр буулгаж, хэрэгжүүлнэ гэдэг төвөгтэйг тэд дараа нь ухаарна. Иргэн бүрийн өрийг дарахад лав Х.Баттулгыг хөрөнгө хүрэлцэхгүй. Хэдийгээр соци үеийн сэтгэлгээ зааж, малчид, оюутнууд гэж ялгаварласан ч энэ хэмжээний төсөв Төрийн тэргүүний багцад байдаггүйг мань хүн тамгаа гардсан өдрөө мэдэх буй за.
Нөгөөтэйгүүр, парламентад суугаа олонх нь МАН. Дээр суугаа поп нөхрийн амнаас гарсан авиа бүрийг нь хүлээж аваад ажил хэрэг болгоно гэвэл улс орныхоо хойдохыг уншиж байгаагаас ялгаагүй. Тиймээс тэдний дунд зөрчилдөөн бий болно. Хууль шүүхийн байгууллагыг гартаа атгадаг Төрийн тэргүүний энэ үйлдэл эцэстээ зэвсэгт мөргөлдөөн рүү хөтлөх вий гэх болгоомжлол бий юм.
Эх сурвалж: Д.ДОРЖ
1 comment
Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй Баттулгыг дагаад талбай дээр орилоод зогсдог тэнэг гэж огт байхгүй.