“Талх чихэр” компани руу цагдаагийнхан орох гэж байна гэсэн хуурамч мэдээ тараасан гэв

Дөнгөж сая (2017.06.26-ны 20.00 цаг) Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө.

Албаныхан: Цагдаагийн байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Гэвч сонгуулийн үеэр албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчдыг зарим улс төрийн хүчин тодорхой нам эвслийг хамгаалж байна хэмээн буруутгах зүйл их гарч байна. Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд ирсэн сонгуультай холбоотой гомдол, мэдээллийг шуурхай шалган зохих журмын дагуу прокурор, шүүхэд шилжүүлэн ажиллаж байна хэмээн мэдэгдэж байна.

Зөвхөн санал хураалт явагдаж байгаа 26-ны өдрийн 20 цагийн байдлаар сонгуультай холбоотой 151 гомдол, мэдээ Цагдаагийн байгууллагад иржээ. Түүний 25 нь Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн, хоёр нь хууль бус сурталчилгаа явуулсан, 13 нь эд зүйл болон мөнгө тараасан гомдол байсан бол бүртгэлийн хуудас худалдаж авсан, танхайрсан гэх дуудлага ч байгаа аж.

Өнөөдрийн байдлаар тодорхой улс төрийн хүчин, хувь хүмүүс 380 мянган хүн сонгогчдын нэрсийн жагсаалтад давхар бичигдсэн, саналын хуудасны гэрэл зургийг бусдын нөлөөлөлд автаж авсан, иргэний үнэмлэх давхар олгосон зэрэг мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд тараасан байгаа.

Улсын хэмжээнд ажиллаж байгаа сонгуулийн санал авах 1983 хэсгийн хороонд улс төрийн намуудын ажиглагч ажиллаж байна. Тэд бүгдийг хянаж байгаа. Одоо болтол нэг хүн хоёр санал өглөө гэсэн гомдол ирээгүй байна.


Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын тараасан иргэний үнэмлэх давхар олгогдсон зөрчил тогтоогдоогүй. Нэг хаягт нэг хүнийг хоёр удаа бүртгэсэн гэсэн мэдээллийг шалгахад нэг хаягт оршин суудаг ижил нэртэй хүн болох нь тогтоогдсон аж.

Сонгино хайрхан дүүрэгт сонгуулийн саналын хуудас давхар олгогдсон асуудлыг шалгахад саналаа өгч байгаа иргэнд хоёр хуудас давхар ирсэн. Энэ хуудсыг Сонгуулийн хэсгийн хорооны хүмүүсийг байлцуулж хүчингүй болгосон юм байна.

Мөн өнөөдөр “Талх чихэр” ХХК-д бусдын гар утас булаагдсан дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчдыг очиход сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цагдаагийнхан хүч хэрэглээд Талх чихэр ХХК руу орох гэж байна” гэсэн худал мэдээллийг ард иргэдэд түгээсэн. Энэ сарын 24-ны өдөр Говь-Алтай аймагт саатуулагдсан автомашинаас илэрсэн их хэмжээний мөнгө “Талх чихэр” компаниас гарсан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллага энэ компанийг зориуд шалгах гэж байгаа юм шиг мэдээлэл цацаж сэтгүүлч олон нийтийг төөрөгдүүлж байна гэж ЦЕГ-ын Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлсийнхэн мэдэгдэв.

Саналын хуудасны зураг нийгмийн сүлжээнд тарсан асуудлыг цагдаагийнхан мөн шалгаж байгаа юм байна. Тус байгууллагад хэн нэгний дарамтаар болон манга амласан үйлдлийн дагуу саналын хуудсын зургийг авсан гэсэн гомдол ирээгүй тул саналын хуудсыг өөр хаа нэг газар авсан байх магадлалтай гэж цагдаагийнхан үзэж байгаа юм байна. Энэ асуудлыг үргэлжлүүлэн шалгах гэнэ.

Цагдаагийн байгууллагад сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ “сойсон” улс төрийн гурван намаас 650 орчим гомдол, мэдээллийг хүлээн авсан. Гэхдээ нэг ч хүнийг хорьж шалгаагүй байгаа аж.

Эдгээр гомдол, мэдээллийг цагдаагийн бүрэлдэхүүн хурдан шуурхай шийдэхээр ажиллаж байгаа. Улс төрийн намуудад хардах эрх бий. Гэвч өнөөдрөөс зарим нэр бүхий хүмүүс иргэдийг тэмцэл тулаанд уриалж эхэллээ. Тэдний сонгууль булхайтай явагдаж байна гэсэн яриа нь сонгуулийн дүнгийн дараа сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, ард иргэдийг үймээн самуунд уриалж, жагсаал, тэмцэлд турхирч буй хэрэг болж байна. Тиймээс улс төрийн намуудын ийм явуулгад автахгүй байхыг Цагдаагийн байгууллага анхаарууллаа.

Мөн энэ үеэр энэ сарын 24-ны шөнө Булган аймагт хүн зодсон Олимпийн аварга Н.Түвшинбаярын тухай нийгмийн сүлжээнд тархсан мэдээлэл үнэн болохыг Цагдаагийнхан нотлов.

tsagdaa-300x200 "Талх чихэр” компани руу цагдаагийнхан орох гэж байна гэсэн хуурамч мэдээ тараасан гэв

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.