Японы эзэн хааны гэр бүлийн хамгийн ахмад настай Микаса гүнж өнөөдөр /2024.11.15/ өглөө 101 насандаа таалал төгссөн байна. Тэрээр талийгаач эзэн хаан Шоуагийн төрсөн дүү ханхүү Микасагийн эхнэр байсан гэж тус улсын эзэн хааны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Гүнж Микаса гуравдугаар сарын 3-нд цус харвалт, уушгины хатгалгаа гэх оношоор Гэгээн Лукийн олон улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
есдүгээр сард бие нь муудаж, эрчимт эмчилгээний тасагт шилжсэн байна. Эзэн хааны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Гүнж Микасагийн дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа удаан хугацаанд бага багаар муудаж байсан. Эмч нар чадах бүх эмчилгээг хийсэн ч эрхтнүүдийн үйл ажиллагаа улам дордож, таалал төгссөн байна. Тэрээр 2016 онд таалал төгссөн ханхүү Микасатай 76 жилийн турш ханилсан.