УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Сумдад ажиллаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгохыг дэмжсэн бол УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Сумдад ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдад урамшуулал олгохыг дэмжсэнгүй.
Хууль зүйн байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа сумдад ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох асуудлыг шууд л 82,4 хувийн саналаар дэмжсэн байна.
Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд асуулт асууж тодруулан үг хэлсэн гишүүд салбар салбарыг салангид нь авч үзэж урамшуулал олгодог зохицуулалтыг болих хэрэгтэй, улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн цаашдын төлөв байдлыг сайн харж байж асуудалд хандах нь зүйтэй, тэр дундаа Засгийн газрын саналыг аваагүй асуудлыг төсвийн жилийн дундуур оруулж ирэх нь зохимжгүй гэсэн байр суурьтай буйгаа хэлсэн байна. Ингээд тус хороон дээр сумдад ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдад урамшуулал олгох асуудал дэмжлэг аваагүй байна.
Байнгын хороодын дээрх хуралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Сумдад ажиллаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгохыг дэмжив
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хэлэлцэв.
Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж, 2017 оны оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байна. Уг хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдалтай холбогдон үүсэх харилцааг зохицуулж байна.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад онцгой албаны, цэргийн цолны, төрийн тусгай алба хаасан хугацааны, хоригдолтой ажилласны зэрэг нэмэгдлүүдийг олгож байгаа хэдий ч өнөөгийн нийгмийн амьдралын нөхцөл байдлаас хамааран тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна.
Аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт ажиллаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ая тухтай ажиллах, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, алба хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах зэрэг ажил, арга хэмжээг хэтийн болон богино хугацааны төлөвлөлттэй уялдуулан үе шаттайгаар зохион байгуулж байгаа боловч нийгэм, эдийн засгийн байдал, хорих ял эдлэгдсийн тооны өсөлт, хорих анги, байгууллагын ачаалал нэмэгдэж байгаагаас шалтгаалж алслагдсан хорих, анги байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах алба хаагчдын тоо буурч байна.
Сүүлийн 3 жилийн тоон үзүүлэлтээр орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих, анги, салбар нэгжээс 360 алба хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 1325 алба хаагч шилжин томилогдох хүсэлт гаргасан байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэл, аймгийн төвөөс бусад алслагдсан нутаг дэвсгэрт тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа алба хаагчдад мөнгөн урамшил олгох эрхзүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй нөхцөл, шаардлага үүсч байна.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулав.
Хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгохоор тусгасан. Эхний жилд 281 хүнд олгох мөнгөн урамшилд 6.2 тэрбум.төг, цаашид жил бүр 2.3 тэрбум.төг шаардагдах бөгөөд уг зардлын эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Хуулийн төсөл батлагдсанаар алслагдсан сумдад ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, гэр, орон байраа тохижуулах, гэр бүлээ хөгжүүлэх, үр хүүхдээ сургах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад санхүүгийн хувьд дэмжлэг авч амьдралын чанар нь сайжирна гэж үзэж байна гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82,4 хувийн саналаар дэмжигдэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сумдад ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдад урамшуулал олгохыг дэмжсэнгүй
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Улсын Их Хурал 2017 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Онцгой байдлын байгууллага нь Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах, хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд онцгой байдлын байгууллагын алба хаагчдад онцгой албаны, цэргийн цолны, төрийн тусгай алба хаасан хугацааны зэрэг нэмэгдэл олгож байгаа ч өнөөгийн нийгмийн амьдралын нөхцөл байдлаас хамааран тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах онцгой байдлын газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт ажиллаж буй онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагч гишүүн танилцуулав.
Хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгохоор тусгажээ. Эхний жилд 261 хүнд олгох мөнгөн урамшилд 5.6 тэрбум, цаашид жил бүр дунджаар 2.3 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд уг зардлын эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулсан байна.
Манай улсад ой, хээрийн болон обектын гал түймэр, ган, зуд, үер, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цар тахал, цацраг, химийн хорт бодисын осол зэрэг аюулт үзэгдэл ихэвчлэн тохиолддог бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас дээрх гамшгийн аюул, учруулах хохирол жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Сүүлийн 10 жилд байгалийн 45.2 мянга орчим үзэгдэл, осол тохиолдсоны улмаас 2124 хүний амь нас эрсдэж, 13.8 сая толгой мал хорогдон, улсад нэг их наяд гаруй төгрөгийн хохирол учирсанаас онцгой байдлын байгууллага 12.6 мянган хүний амь насыг аварч, улсын болон иргэдийн 237.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан тооцоо судалгаа гарсан байдгийг төсөл санаачлагч дурдаж байв.
Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Х.Булгантуяа нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Н.Энхболд, Б.Баттөмөр нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Асуулт асууж тодруулан үг хэлсэн гишүүд салбар салбарыг салангид нь авч үзэж урамшуулал олгодог зохицуулалтыг болих хэрэгтэй, улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн цаашдын төлөв байдлыг сайн харж байж асуудалд хандах нь зүйтэй, тэр дундаа Засгийн газрын саналыг аваагүй асуудлыг төсвийн жилийн дундуур оруулж ирэх нь зохимжгүй гэсэн байр суурьтай буйгаа хэлж байв.
Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Б.Ирээдүй