Өмнөговь аймагт энэ оны гуравдугаар сарын 13-ны өдөр есөн настай хүү хурдан морь хөлсөлж байх үедээ мориноос чирэгдэн амиа алдсан байна.
Тодруулбал, мориноос унаж, чирэгдэн амиа алдсан хүү “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS:6264-2018 стандарт”-ыг хангасан хамгаалалтын хувцас хэрэгсэлгүйгээр морь хөлслөх ажилд оролцсон байна.
Амиа алдсан хүүгийн ээж “Манай гэр бүлээс нь зөвшөөрөл авалгүйгээр морь унуулж ийм осол гарсанд гомдолтой байна. Үүнээс гадна эмнэлэгт хүргэгдсэнийг цаг тухайд нь хэлээгүй, би хамгийн сүүлд л мэдэж ирсэн” хэмээсэн байна.
Иймд тухайн морины эзнийг “өөрийн уяж сойж буй морийг шаардлага бүхий хувцас хэрэгсэлгүйгээр, насанд хүрээгүй буюу есөн настай хүүхдэд унуулсны улмаас хурдан мориноос унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэгт холбогдсон байна.