Казахстанд 200 орчим жилийн өмнө устаж алга болсон зэрлэг адууны төрөл зүйл тахийг нутагшуулах ажил эхэлжээ.
Берлинээс дөрвөн гүү, Прага хотоос нэг азарга, хоёр гүү, нийт долоон тахь ачсан Чехийн нисэх хүчний тээврийн онгоц Казахстанд саяхан газардсан байна.
Адууг хамгийн анх 5,500 орчим жилийн өмнө гаршуулсан нутаг болох Төв Азийн хээр талд Пржевальскийн адуу гэгддэг тахь 200 жилийн өмнө нутаглаж байжээ.
“Дэлхий дээр үлдээд буй цорын ганц зэрлэг адуу энэ юм. Мустанг бол гаршуулсан байгаад сүүлд зэрлэгшсэн адуу” гэж Прага хотын амьтны хүрээлэнгийн төлөөлөгч Филип Машек тайлбарлажээ.
Зэрлэг байгальд тахь 1960-аад оны үед бүрэн устсаны дараа Мюнхен, Прага хотуудын амьтны хүрээлэнд хоёр бүлэг тахь үлдсэн байдаг.
“Энэ бол манай гараг дээр үлдсэн сүүлчийн зэрлэг адууны шинэ түүхийн эхлэл юм” гэж Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек мэдэгджээ.
Тус хүрээлэн 2011 онд тахийг Монголд нутагшуулах төслийг эхлүүлж байсан юм. Уг төсөл 2019 он хүртэл үргэлжлэхдээ нийт есөн удаагийн нислэгээр тахь тээвэрлэн авчирч байжээ.
Одоо Монголын хээр талд амьдардаг тахийн сүргийн тоо толгой 1,500 хүрснийг Машек мэдээлсэн байна.
Прага хотын амьтны хүрээлэн ирэх таван жилийн хугацаанд Казахстанд нийт 40 тахь тээвэрлэн хүргэх гэнэ.
Эх сурвалж: The Guardian