ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Хятад дахь айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Путин, Ши Жиньпин нар энэ айлчлалын үеэр хоёр жилийн өмнө тунхагласан хязгааргүй түншлэлийн харилцаагаа дахин бататгав. Украин дахь дайныг дуусгах гэсэн Хятадын санаачлагад талархаж буйгаа Путин илэрхийлсэн байна.

Талууд аль аль нь АНУ-ын дарамт шахалттай тулгарсан ч бие биеэсээ нүүр буруулахгүй гэдгээ энэ айлчалаар харуулахыг хүсч байгаа гэдгийг Сингапурын Наньян технологийн их сургуулийн судлаач Ху Тиан Бун хэллээ.

Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд хэвлэлийнхэнд хандан үг хэлэхдээ “Европыг аль болох хурдан энх тайван, тогтвортой байдалд хүрээсэй гэж Хятад улс хүсч байна. Үүний төлөө Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно” гэв.

Хоёр улсын удирдагчид хамтарсан мэдэгдэл хийхдээ Ази, Номхон далайн бүс нутагт АНУ-ын үүсгэн байгуулсан эвсэл болон гадаад бодлогыг шүүмжилжээ. Тодруулбал, АНУ холбоотнуудтай хамтарсан сургуулилалт хийх нэрийдлээр Ази-Номхон далайд хуурай замын дунд тусгалын пуужингийн систем байршуулсан гэж тэд буруутгав. АНУ-ын Ази дахь үйл ажиллагаа нь хүчний тэнцвэрт байдлыг өөрчилж, бүс нутгийн бүх улсын аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзжээ.

Түүнчлэн Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгчид тав дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсэнд нь баяр хүргээд, хоёр орны дипломат харилцааны 75 жилийн ойг онцолжээ. “75 жилийн өмнөх алдартай дуунд Орос, Хятад үүрд ахан дүүс гэж дуулдаг. Энэ дууг одоо ч дуулсаар байна” гэж Ши Жиньпин хэлэв.

Эх сурвалж: AP

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн